Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад бороо, Төв аймагт бага зэргийн мөндөр орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-р сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Цагаан-Овоо баг, “Зотол” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 12:39 цагт /12:57 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 12:41 цагт очиход иргэн Э-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 33 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймаг, Ханбогд сум. Гавилууд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 15:51 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид, 1 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар баг, Замчны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ны өдрийн 18:52 цагт /19:07 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:00 цагт очиход 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хороо, Москва хороололд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ны өдрийн 20:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:13 цагт очиход тус байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 43 иргэнийг гаргасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, Цэргийн хотхонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 21:41 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:50 цагт очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр, 40 метр орчим хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Ч /45 настай, эрэгтэй/ угаартаж, 2 гар нь түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн. 

Ой, хээрийн түймэр: Төв аймаг, Мөнгөнморьт сум. “Минжийн Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км-т, сумын төвөөс хойд зүгт 122 км-т/ Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 05.27-ны өдрийн 13:00 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Түймрийг 05.27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж, 05.29-ны өдрийн 21:37 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 303 дугаар ангийн Минжийн заставын сургалтын орлогчид хүлээлгэн өгсөн. Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг зөөвөрлөн авчрахаар “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.30-ны өдрийн 07:17 цагт хөөрсөн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд 05.29-ний өдрийн 11:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 26 км-т завиар урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:01 цагт түр зогсоосон. 05.30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Урандөш баг /аймгийн төв/-д Дэлгэрмөрөн голд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 07:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3.5 км замыг туулан 08:17 цагт очиж иргэн Б /64 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 5 дугаар хороонд цахилгаан шат гацаж, дотроос нь 1 хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:28 цагт очиход тус байрны 3 дугаар орцны цахилгаан шат 2 дугаар давхарт гацаж, дотроос нь гарах боломжгүй байсан иргэн Т/34 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд гаргаж, “Алтан-Амирлах” сууц өмчлөгчдийн холбоонд өгсөн.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Өмнөговь аймаг, Ханхонгор сум. Жаргалант баг, “Хонгил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 38 км, сумын төвөөс баруун урд зүгт 62 км/-т 05.28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсоны улмаас 2 өрхийн 1 гэр нурж, 4 автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 05.29-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан.

Тус газар нутагладаг малчин Б-ийн 4 ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top