Япон Улсын “Ниппон салвэйж” компанийн төлөөлөл болох Араки Ватару нарын бүрэлдэхүүн Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд нууранд хийх судалгааны цар хүрээг тодорхойлохоор манай улсад ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж, машин, техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах газар орны онцлог, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Батжаргал нар энэ сарын16-20-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалаар тус улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т. Оока нартай уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” санаачилгын хүрээнд тус нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны тухай санал солилцож, хамтран ажиллахаар болсон.
“Ниппон салвэйж” компани нь далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах, байгаль орчныг авран хамгаалах чиглэлээр 100 гаруй жилийн түүх, туршлагатай томоохон компаниудын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.