1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяангийн гудамж хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход “Чандмань” дэлгүүрийн хашаан дотор 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо зочид буудал шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход эзэмшигч нь тодорхойгүй зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан 15х30 метрийн хэмжээтэй хуучин 3 давхар барилгын 1 давхрын тааз, хана хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход иргэн М-ийн 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Чойр”-ын 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн “Боршоон гүүр” гэдэг газар Амбаар, гэр 05.30-ны 19:40 цагийн үед шатсан тухай мэдээллийг 05.30-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд малчин П-ын 4×5, 4×4 метрийн хэмжээтэй 2 амбаар, 4×10 метрийн хэмжээтэй малын хашаа, 5 ханатай гэр шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудллагыг 05.30-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Н-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1.1 км замыг туулан очиход иргэн Н-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 356 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км, Ө-51°15’36.0”, У-100°17’24.0”/ 05.30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэн 05.30-ны өдрийн 08:00 цагаас Орхон аймгийн харьяат иргэн Ц /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт “Алтан-Уул” гэдэг газар хүртэл 30 км-т завиар урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 05.31-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороолол 7 настай хүүхэд унадаг дугуйны гинжэнд хуруугаа хавчуулсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход Б/7 настай, эрэгтэй/ нь унадаг дугуйны гинжний завсар зүүн гарын ядам хуруугаа хавчуулсан байсныг 10 минут ажиллаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аав З-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР