Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргах ажиллагааг эрсдэлгүй гүйцэтгэхээр төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Ажлын хэсгийн ээлжит хурал Батлан хамгаалах яамны “Сайдын зөвлөлийн хурлын танхим”-д боллоо.
Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах зорилгоор нууранд живсэн машин, техникийн байршлыг эхний ээлжид илрүүлэх суурь судалгааг оновчтой хийж байж татан гаргах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулна. Тиймээс энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний ажлыг талууд хамтран боловсруулахаар ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ярилцлаа.
Түүнчлэн Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай. Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч хэлсэн юм.
Ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.