1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, Баянхонгор аймагт шороон шуурга шуурсан. Бусад аймгийн нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с хүртэл шуурч, 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 8,9-ний өдөр Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10,11-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн хэсгийн задгайд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 07:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 07:28 цагт очиход иргэн П-гийн 3х6 метрийн хэмжээтэй “Наран” цайны газар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байрны зүүн талд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 09:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:11 цагт очиход иргэн Б-гийн 9х12 метрийн хэмжээтэй байшингийн цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:31 цагт очиход иргэн У-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:28 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн “Улаан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 06.06-ны өдрийн 13:00 цагийн орчим 2 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Малчин Г-гийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Батцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:55 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Наранбулаг сумын Арбулаг багийн Салхит хорооллын задгайд 06.06-ны өдрийн 15:30 цагийн орчим гэр ачиж явсан бага оврын ачааны автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Иргэн А-гийн “Мини каб” загварын ачааны автомашин, ачиж явсан 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг дахь “Оргил” худалдааны төвийн урд талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:14 цагт очиход иргэн А-гийн “Спэйс вагон” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 9 давхар барилгын дээврээс 1 хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01:54 цагт ангиас гарч 4 км замыг туулан 01:59 цагт очиход тус байрны оршин суугч иргэн А /20 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 9 давхар барилгын дээвэр дээр гарч унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг 57 минут ажиллан эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Шар-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 06.05-ны өдөр малчин Д “Шар-Арал” нуурын арал дээрх малаа гаргахаар морьтой ус гаталж ороод буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 130 км замыг туулан 14:00 цагт очиж, малчин Д болон 20 бод малыг нуурын арлаас 7 цаг ажиллаж гаргасан.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн “Цагаан чулуутын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 162 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т/ 06.06-ны өдрийн 18:30 цагийн орчим хүчтэй хуй салхи шуурсны улмаас гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Шуурганд малчин Д-гийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР