Гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлав

viber_image_2022-06-06_17-56-07-205.png

НҮБ-аас Индонез улстай хамтран  тус улсын Бали арлын Денпассар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус чуулганд 184 улсын 4500 гаруй төлөөлөгч биечлэн  болон цахим хэлбэрээр чуулж, “Гамшгийг эрсдэлээс  гамшгийг даван туулах чадавх өөд: “КОВИД-19”-ийн улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн төлөө” уриан хүрээнд эрсдэлийн удирдлага, цар тахлын хор уршгийг нөхөн сэргээх  үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг тулгамдсан  асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Чуулганд оролцогчдын 40 хувь, илтгэгч нарын тэн хагас нь эмэгтэйчүүд, 2019 онд Швейцарийн Женев хотноо болсон VI чуулгантай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр дахин нэмэгдэн оролцсон нь онцлог байлаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид дэлхийн VII чуулганы нэгдсэн болон салбар хуралдаан, дугуй ширээний уулзалтуудад оролцож, Монгол улс  гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлсон эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төв, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн мэдээллийн менежментийн төв, Япон улсын Жайка, Австрали болон бусад улсын төлөөлөгчидтэй уулзаж харилцан санал солилцсон юм.

Дэлхийн VII чуулганд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, хямралт нөхцөл байдлын улмаас үүсэж болзошгүй асуудал, олсон амжилт, хүндрэл бэрхшээл, арга туршлагад үндэслэн гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

Тус хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоос товч дурдвал:
• Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Засгийн газрын болон нийгмийн бүхий л асуудалд нэгтгэн уялдуулж, хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэрт гамшгийг тэсвэрлэх, даван туулах байдлыг тусгах;
• “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн болон төсөв-санхүүгийн бодлого, эрх зүйн баримт бичиг, урт болон дунд хугацааны төлөвлөлттэй уялдуулах;
• Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааны зардал нь гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулсан хөрөнгө, хүчин чармайлттай харьцуулахад “идэвхгүй” хөрөнгө оруулалт тул тогтолцооны өөрчлөлт хийх замаар идэвхтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах;
• Аюулт үзэгдэл, гамшгийн давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлж байгаа хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх;
• Гамшиг, аюулт үзэгдэлд хүмүүс өөр өөр нөхцөл байдлаар өртөж байгаа тул гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, түүний хэрэгжилтийг хангахад бүх нийтийн оролцоо, хүний эрхийг чухалчлах;
• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “2027 онд гэхэд дэлхийн хүн бүр эрт зарлан мэдээллийн системийг хүлээн авах бололцоо бүрдэж, гамшгаас хамгаалагдана” гэсэн уриалгын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангахын тулд гамшгийн олон төрлийн аюулыг эрт зарлан мэдээлэх системийн хөгжүүлэлтэд эрсдэлд өртөх магадлал бүхий олон нийт, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, мэдээ мэдээллийн чанар, хүртээмжийг мэдээлэл түгээх, санхүүгийн эх үүсвэр, сайн засаглалтай уялдуулан зохицуулах;
• КОВИД-19 цар тахлаас хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны өнөөгийн арга хэмжээ нь хөгжлийн ололтыг хамгаалах, илүү сайнаар, илүү “ногоон”, илүү тэгш байдлыг бүрдүүлэхэд хангалтгүй, үр дүн багатай байгаа тул ажиллагааны арга барил, хандлагыг өөрчлөн шинэчлэх;
• Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн өнөөгийн бүтэц, тогтолцоо, гамшгийг даван туулах чадавхыг олон нийтэд түшиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан нийгэмд хүртээмжтэй болгох замаар гамшгийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах;
• Байгаль орчин, нийгэм-эдийн засаг, соёлын салбарт экосистемийг нэн чухал дэд бүтэц гэж үзэх;
• Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа нь эмзэг байдлыг бууруулах, чадавх, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх нийтлэг зорилготой тул гамшиг, уур амьсгалын эрсдэлийн менежментийг цогц байдлаар авч үзэх;
• Шинэ болон шинээр сэргэн байгаа аюул, болзошгүй эрсдэлийн талаарх Засгийн газруудын хэвшмэл, хязгаарлагдмал ойлголт, бодлогыг бүх шатанд өөрчлөх.

Хөтөлбөрийг бүрэн эхээр нь энд дарж үзэх боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top