Төв аймгийн Онцгой байдлын газар нь он гарсаар аймгийн хэмжээнд тохиолдсон 31 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 61 хүний амь нас, 305 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж, ахуйн нэгж, байгууллага, оюутан сурагч, иргэдэд зориулсан 50 удаагийн сургалтыг хийж, 2200 орчим хүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгожээ.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дээврийн засварын ажил, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн гадна, дотно сантехник, барилгын заслын ажлыг хийж, ашиглалтад оруулсан бол Батсүмбэр сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын ажлын зардлыг ЗДТГ-аас шийдвэрлүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд бэлэн болгосон зэргээр бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна.
Хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор хөдөлгөөнт хяналтын хоёр байрыг өөрсдийн боломжоор хийж, холбогдох хяналтын цэгүүдэд байрлуулсан.
Мөн “Дэлхийн Зөн” ОУБ-ын санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийн байгуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.