1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо борсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 3 дугаар хэсгийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуулагыг 06.09-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн эзэмшлийн 4 м хашаа шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 18 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Т-ийн эзэмшлийн 6×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн доторх хэсэг шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн “Нэвт Рашаант” сувиллын газар /аймгийн төвөөс баруун зүгт 71 км, сумын төвөөс зүүн зүгт 9 км/-т Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 71 км замыг туулан очиход иргэн О-ийн эзэмшлийн 15×30 метрийн хэмжээтэй 2 давхар, 8×6 метрийн хэмжээтэй 1 давхар, 8×8 метрийн хэмжээтэй 1 давхар нийт 3 байшин шатаж байсныг 2 цаг 45 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн “Эг” голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. 05.22-ны өдрөөс 06.01-ний өдрийг хүртэл иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 06.07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан 06.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 1 дүгээр бүлэг тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт 25 км-т “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл завиар урсаж, “Эгийн голын гүүр” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т “Алтан-Уул” гэдэг газар хүртэл явганаар, 2 дугаар бүлэг Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газраас зүүн зүгт Хантай багийн “Сагалдарга” гэдэг газар хүртэл завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 06.10-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Тугалын-Эрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км/-т Хиймэл нууранд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс Ч /27 настай, эрэгтэй/-ын, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс Н /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг тус тус олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т Ихтамир сумын харьяат малчин Г-нь 06.06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг 06.08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хэн Г /51 настай, эрэгтэй/-ыг 06.09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Овоогийн жирэм гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 30 км/-тТус сумын харьяат иргэн Ө-нь 06.08-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /50 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г 06.09-ний өдрийн 07:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:01 цагт гэрээс нь баруун урд зүгт 13 км-т Үйзэн багийн “Хангийн хэц” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 48 км/-т, солбицол: 43.385493,104.699299 Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Е төөрсөн тухай дуудлагыг АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс 06.10-ны өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас Е/37 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал хэвийн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 9 настай хүүхэд нүхэн жорлонд унасан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн утсаар 14:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн А /9 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2.2 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж иргэд гаргасан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР