1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 158 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/-т хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан очиход иргэн Н-ын хашааны гадна хураасан аргал шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Үйлчилгээний хороо, 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Л-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 60 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Х-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Оцон чулуу” гэдэг газар мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн Б-ын эзэмшлийн 2 га талбайд чацарганы мод шатаж байсныг 1 цаг 43 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн “Хөх чулуу” гэдэг газар /aймгийн төвөөс баруун хойд зүгт 312 км, Баянхайрхан сумын төвөөс баруун хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 42 км/-т Малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан очиж, иргэн Ч-ийн 5х6 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 112 км, сумын төвөөс зүүн зүгт 1 км/-т 06.09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 06.10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 06.12-ны өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г Замт багийн “Харуулын толгой” гэдэг газраас “Гуурын-Ам” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон автомашинтайгаар, 1 нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 06.13-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Сэрх гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т Малчин О-нь 06.11-ний өдрийн 14:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 18:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн О /38 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:55 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т Хүрхрээ багийн “Хавын-Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоны харалдаа “Туул” голд автомашин усанд суусан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход “Туул” голын усанд суудлын 3 автомашин боогдож, 2 автомашин суусан байсныг гаргахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР