Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Бямбаагийн гудамж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 3.5 км/-тШар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 21:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход 2 га орчим газрын шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/-т Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход 8х10 метрийн хэмжээтэй ажилчдын байрны дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Алтай-Улиастай” ТӨХК-ийн хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн С-ийн “УАЗ-469” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 34 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 17 дугаар гудамжинд мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:01 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 2 метр хашаа, 1м3 түлээний мод шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Бага булаг гудамжинд гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 400 м замыг туулан очиход иргэн иргэн Э-ийн 4 ханатай 1 гэр, 5 ханатай 1 гэр, 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 15:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн Т-163 дугаар байрны авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Сонато-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай 7 дугаар багийн Наранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Н-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин, 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн “Шинэ зуун” хорооллын 505 тоот /сумын төвд/ 8 ханатай гэр, бага оврын ачааны автомашины хамт 06.15-ны өдрийн 22:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:50 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид иргэн О-ийн 8 ханатай бүрэн тавилгатай гэр, Ө-ийн “Мини каб загварын бага оврын ачааны автомашины хамт бүрэн шатсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усны осол: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгон /аймгийн төвөөс баруун урд зүгт 274 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумаас баруун урд зүгт 60 км/-т Иргэн М “Орхон” голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 06.15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд М /14 настай, эрэгтэй/-ыг тус сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газраас урд зүгт 17 км-т “Орхон” голоор завиар урсаж, 3 метрийн гүнд 6 удаа шумбаж, голын эргээр автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон. 06.16-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хийморийн-Овоо”-ны харалдаа “Туул” голын салаанд хүн усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход Баянзүрх дүүргийн иргэн У /61 настай, эмэгтэй/ “Туул” голын усанд боогдож гарч чадахгүй байсныг аварч гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушын 2 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход иргэн Л /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн “Хөөврийн-Эхэнд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 208 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км/-т 06.15-ны өдрийн 19:30 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.15-ны өдрийн 20:45 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин П-ын 3 ханатай отрын гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн “Хөөвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/-т 06.15-ны өдрийн 20:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.15-ны өдрийн 22:15 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Ж-ын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бүрд сумынОнгон багийн төвд 06.15-ны өдрийн 20:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас Ерөнхий боловсролын сургуулийн дээвэр нурсан тухай мэдээллийг 06.15-ны өдрийн 22:15 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн 351 м2 хэсэг нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 72 км/-т 06.15-ны өдрийн 21:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.15-ны өдрийн 22:28 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Ч-ын 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Авдар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 303 км, сумын төвөөс зүүн урд зүгт 42 км/-т 06.15-ны өдрийн 21:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас гэр нурсан тухай мэдээллийг 06.15-ны өдрийн 22:28 цагт мэдээлсэн. Хүчтэй салхинд малчин Ч-ийн 4, 5 ханатай 2 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Үер – Гол, мөрний усны үер: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ногоон-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 84 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т 06.15-ны өдрийн 20:00 цагийн үед “Сэлэнгэ” голд 130 ямаа урссан тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд Б-ын 130 ямаа “Сэлэнгэ” голын усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top