ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад нь 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулсан бол өнөөдөр “Сүхбаатарын одон”-оор шагнагдлаа.
55 жилийн түүхтэй Үндэсний аврах бригадын онцлох алба хаагчдыг танилцуулж байна.
ХАМГИЙН ОЛОН ХОНОГООР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧ
Химийн ажиллагааны салбарын аврагч химичин, ахлах ахлагч Б.Цэрэнчимэд хүн, мал амьтны гоц халдварт өвчин болон шлам зөөвөрлөх ажилд хамгийн олон хоногоор буюу 680 гаруй хоног үүрэг гүйцэтгэжээ.
ТЭСЭРЧ, ДЭЛБЭРЭХ БОДИС, СУМ, ГАЛТ ХЭРЭГСЛИЙН ОСЛЫН ДУУДЛАГААР ХАМГИЙН ОЛОН УДАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧ
Химийн ажиллагааны салбарын аврагч тэсэлгээчин, ахлах ахлагч Э.Золзаяа хамгийн олон удаа буюу 25 удаа үүрэг гүйцэтгэжээ.
ХАМГИЙН ГҮНД ШУМБАСАН АВРАГЧ
Хөвсгөл нууранд 2011 онд шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашин осолдсон дуудлагаар ажилласан Үйлчилгээний гавьяат ажилтан, Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох 54 метрийн гүнд шумбаснаар хамгийн гүнд шумбасан рекордыг эзэмшиж байна.
ХАМГИЙН УДААН УСАН ДОР АЖИЛЛАСАН АВРАГЧ
2021 онд Хөвсгөл нуураас “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн ахлах дэслэгч З.Гүррагчаа хамгийн удаан усан дор ажилласан аврагчаар нэрлэгдэж байна. Тэрбээр “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд нийтдээ 2240 минут усан дор үүрэг гүйцэтгэсэн юм.
ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЭРЛИЙН АЖИЛЛАГАА
Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт 2019 онд болсон уурхайн хиймэл нууранд осолдсон нэрвэгдэгчийг гаргах ажиллагаа хамгийн богино хугацаа зарцуулсан эрэн хайх ажиллагаагаар нэрлэгдэж байна. Хувцас хэрэглэлээ өмсөөд, завьнаас ус руу орж, нэрвэгдэгчийг 10 метрийн гүнээс авч, нуурын эрэгт гаргахад ердөө 8 минут зарцуулсан юм. Тус эрэн хайх ажиллагаанд бүлгийн даргаар дэслэгч Г.Түмэнбаяр, шумбагчаар ахлах ахлагч З.Гүррагчаа, ахлах ахлагч Н.Хуягбаатар, ахлах ахлагч Б.Алтан-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэжээ.
ХАМГИЙН ОЛОН УДАА ШҮХРЭЭР БУУСАН АВРАГЧ
Агаарын ажиллагааны салбарын захирагч, хошууч Г.Ганхөлөг үүрэг гүйцэтгэх хугацаандаа хамгийн олон удаа буюу давхардсан тоогоор 250 ажиллагаанд оролцож, 650 удаагийн шүхрийн буулт хийжээ. Тэрбээр шүхрийн спортын Монголын үндэсний шигшээ багийн ахлагч бөгөөд Улсын таван удаагийн аварга юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд шүхрийн үзүүлэх тоглолтоор Монгол Улсын Төрийн далбааг зургаан удаа хөх тэнгэрт цэнгүүлсэн байна. Мөн 2500 метрийн өндрөөс гадаадын тамирчидтай 8 хүний од хэлбэрийн групп чөлөөт уналтыг хийсэн нь Монгол Улсдаа анхдагчид тооцогдож байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтран зохион байгуулсан “Joint Sarex” агаараас аврах ажиллагааны дадлага сургалтын үеэр 4500 метрийн өндрөөс буусан нь мөн хамгийн өндрөөс буусан анхдагч гэх алдрыг түүнд авчирсан юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР