1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд говийн аймгуудыг нутгийн өмнөд хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход иргэн Г-ын “Хьюндэй” загварын “Монел-Сансар” чиглэлийн нийтийн тээврийн автобус бүрэн, “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц багийн “Майнт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т эзэнгүй айлын малын бууц шатаж байна гэсэн мэдээллийг 06.18-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд ажилласан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Хөтөл хороолол” автозамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Ниссан Мурано” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн “Шар толгойн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т 06.17-ны өдрийн 17:30 цагийн орчим зам тээврийн осол болж 2 иргэн хүнд гэмтсэн, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 06.18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 06.18-ны өдрийн 11:47 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 13:27 цагт газардаж, иргэн А /26 настай, эмэгтэй/, Ж /33 настай, эрэгтэй/ нарыг авч 14:13 цагт хөөрч, Улаанбаатар хотод 15:57 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хар-Үзүүр” гэдэг газар “Туул” голын усанд хүн урсаж байна гэсэн мэдээллийг 06.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Туул” голд усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Дархан хотын иргэн Я /43 настай, эрэгтэй/ нь голын усанд урсаж байсныг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийж ухаан оруулан НЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 06.15-ны өдөр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. 2021.06.28-ны өдрөөс 07.02-ны өдрийг хүртэл иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 2022.06.18-ны өдрийн 11:35 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Уруйн үер: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Дунд цүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 06.17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 06.18-ны өдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан тухай мэдээллийг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 8 гэр, 7 байшин усанд автаж, 2 гэр нурж, 5 байшингийн дээвэр хууларсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР