Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд “Эр зориг, авхаалж самбаа, эх оронч үзлийн шалгуур болсон Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулж, төр, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч, алба хаагчид, хамтран зүтгэгч та бүхэнд Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 18 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Та бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн 18 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын төсөв санхүү, хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламж жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаад, дотоод хамтын ажиллагаа өргөжин, дэлхийн жишигт хүрсэн хүчирхэг алба болон хөгжиж ирлээ.
Цаашид ч бидэнд олсон ололт амжилтаа улам бататгаж, төр засаг, иргэд, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, улс орныхоо тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө эр зориг, тэсвэр хатуужил гарган хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе, үеийн ахмадууд, алба хаагчид, аврагч дайчиддаа баярлалаа.
Онцгой байдлын байгууллагын тангараг өргөсөн алба хаагчдын минь үйлс бүхэн өөдрөг гэгээн, өрнүүн амжилт дүүрэн байж, золбоо хийморь мөнхөд мандан бадрах болтугай.” гэжээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР