“Хаа сайгүй ус байсан ч уух ганц дусал ч байсангүй” хэмээн ярьжээ. Ронжу Чоудхари өнгөрсөн амралтын өдрөөр гэрийнхээ гадаа болсон явдлыг ийнхүү дүрсэлсэн юм. Тэрбээр Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид үерийн гамшигт нэрвэгдсэн алслагдсан Удиана тосгонд амьдардаг. Тус бүс нутагт тасралтгүй бороо орсноор хэд хоногийн нүүрийг үзэв. Үерийн ус хурдацтай ихсч, гудамжнууд хэдхэн цагийн дотор бүрэн живсэн байна.
Ронжүгийн гэрт үерийн ус орж эхлэхэд гэр бүлээ аюулгүй байлгахын тулд харанхуй уул руу мацаж, зугтаж эхэлсэн гэв. Бүтэн хоёр хоног тасралтгүй орсон борооны дараа гэр бүлийнхэн нь далай дунд ганцаардсан арал шиг байшиндаа буцаж иржээ. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бороо, үерийн улмаас Ассам мужид сүйрлийн ул мөр үлдэв. Тосгонууд живж, газар тариалан сүйрч, байшингууд нурчээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын 35 дүүргийн 32 нь гамшигт өртөж, 45 хүн амиа алдаж, 4.7 сая гаруй хүн дүрвэсэн гэж эрх баригчид мэдэгдэв.
Хөрш зэргэлдээх Мегалая мужид мөн ширүүн бороо орж, сүүлийн долоо хоногт 18 хүн нас баржээ. Ассам мужид засгийн газраас дүрвэгсдэд зориулсан 1,425 тусламжийн хуаран нээгээд байгаа ч гамшгийн эрчмээс болж ажиллах нөхцөл хэцүү болсон гэж эрх баригчид үзэж байна. Аврах ангиуд хүртэл маш хүнд байдалд байна. Удиана хотын оршин суугч Хусна Бегум “Баазад ундны ус байхгүй. Миний хүү халуурч байгаа ч би түүнийг эмчид үзүүлэх боломжгүй” гэж хэлэв. Тэрээр одоо хоёр хүүхдийн хамт хуванцар майханд хорогдож байна. “Би өмнө нь ийм зүйл харж байгаагүй. Би амьдралдаа ийм их үер харж байгаагүй” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярив.
Үер нь ихэвчлэн Ассам арлын амьдралын шугам гэгддэг хүчирхэг Брахмапутра голын үржил шимт голын эрэгт амьдардаг сая сая хүмүүсийн амьдрал, амьжиргааг сүйрүүлдэг. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, хяналтгүй барилгын ажил, хурдацтай үйлдвэржилт зэрэг хүчин зүйлүүд цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Ассам энэ жил хоёр дахь удаагийн үерийн цаг үеийг туулж байна. Өмнө нь тавдугаар сард болсон үерийн улмаас наад зах нь 39 хүн амь үрэгджээ.
Цаг уурын албаны мэдээлснээр тус мужид энэ сард дунджаас 109 хувиар их хэмжээний хур тунадас орсон байна. Оршин суугчид болон эрх баригчид “ВВС”-д сүүлд тохиолдсон үер нь библи дээр тусгасан сүйрэл шиг байсан гэв. Мөн муж улсын нийгэм, эдийн засгийн бүтцийг өөрчилсөн үерийн нэг болсон гэж тайлбарлав. “Нөхцөл байдал энэ удаад онцгой түгшүүртэй байна. Үндэсний гамшгаас хамгаалах хүчний (NDRF) багаас гадна бид аврах ажиллагаанд туслахын тулд армиа илгээсэн” гэж Рангия хотын дэд хэлтсийн офицер Жавир Рахул Суреш хэлэв. “Энэ үед бидний нэн тэргүүний зорилт бол хүний амь насыг аврах явдал юм” гэж мөн онцлов.
Бүх сууринууд үерийн усанд автсан нь бараг л нэг шөнийн дотор үүссэн асар том голыг санагдуулам. Ассам мужийн эдийн засгийн гол төв болох Гувахати хотод ойр орчмын газрууд нуранги болон хувирчээ. Ердийн үед үр тариа, будаа ургаж байсан талбайнууд шавар, хог хаягдлын өргөн уудам намаг болон хувирчээ. Удиана хотод буцаж ирэхэд сургууль, эмнэлэг, сүм хийд байхгүй, зөвхөн усаар хүрээлэгдсэн байв. Хүмүүс гадил жимсний навч, хулс модоор хийсэн завиар зорчиж байв. Бусад нь бор ногоон шорвог усанд цөхрөнгөө баран сэлж, тод улбар шар өнгийн дүрэмт хувцас өмссөн аврагчдыг хараад нүд нь гэрэлтэнэ.
Олон зуун хүн байшиндаа түгжигдсэн хэвээр байгаа гэж мэдээлсэн Камруп тосгоны дүүрэгт хохирол ялангуяа түгшүүртэй байна. Үерийн гамшигт нэрвэгдэгсдийг ундны ус, хоол хүнсээр хангаж чадахгүй байгаагаа эрх баригчид хүлээн зөвшөөрч байна. Уур амьсгалын өөрчлөлт нь муж улсын үерийн хариу арга хэмжээг сайжруулах олон жилийн хүчин чармайлтыг хүндрүүлж байгаа хэдий ч өөр хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцлов.
Ассам их сургуулийн байгаль орчны шинжлэх ухааны профессор Жаяшри Роут хэлэхдээ “Энэ удаагийн үерийн нөхцөл байдал маш ноцтой бөгөөд борооны давтамж эрс нэмэгдэж байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ үүнийг бүхэлд нь уур амьсгалын өөрчлөлттэй холбохын өмнө бид ойн хомсдол зэрэг хүнтэй холбоотой хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй” гэв. Профессор Роут мөн бүс нутагт ургадаг модны үндэс нь ус хадгалах маш их хүчин чадалтай тул голын ойролцоох ургасан том моддыг тайрахаа яаралтай зогсоох шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж :BBC, CNN