Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 29-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Задгай” агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход хуванцарын үйлдвэрийн 15×30 метрийн хэмжээтэй агуулахад тоног төхөөрөмж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход дунд сургуулийн хашаанд хураалттай мод шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Хоршоолол”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Э-ын 15×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 85 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан очиход иргэн Ч-ийн 2×3 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт угаартаж ухаан алдсан иргэн Ч /40 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Х-ын хашаанд хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад /цогцос гаргах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” /Дүүхээ-2 худалдааны төвийн хойд талд/ Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 19:06 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан очиж (нэр, хаяг тодорхойгүй) 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Энхтал гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын баруун хойд зүгт 8 км-т/ 6 метрийн гүнтэй худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 00:39 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 90 км зам туулан очиход тус багийн харьяат малчин Д /37 настай, эрэгтэй/ 6 метрийн гүнтэй, 2 метр устай худагт унаж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top