Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 7 дугаар сарын 1-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд нутгийн зарим газраар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Улаан давааны-Эх” гэдэг газар /сумын төвд/ гэр шатсан тухай мэдээллийг 06.29-ний өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Х.Энхболдын 5 ханатай гэр 06.29-ний өдрийн 15:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 15:20 цагт ирүүлсэн.              

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан очиход иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Задгай” /Хатан хөшөөний баруун урд талд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Г-ийн “Соната-7” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.        

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Уруйн шугуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 24 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 24 км зам туулан хаягт очиход иргэн Г-ийн 13х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 28 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Шар хөтөлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 40 км зам туулан очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын “Ист” загварын суудлын автомашин шатаж дууссан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Дэнж” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2.5 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 20:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Баруунсайхан”-ы 17 дугаар гудамжинд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, иргэн Л.Түмэн-Өлзийгийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 2 минут ажиллаж унтраасан.          

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Цагаан-Овоо”-гийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”-н 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 05:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Л-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Дарьтын- Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж 17:30 цагт унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хангай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 06.30-ны өдрийн 00:23 цагт унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 47 км-т/5 хүн зугаалж явснаас 1 хүн нь суудлын автомашинд мөргүүлж автомашины доогуур орсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-ыг “Приус-20” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

 Усны осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Туулын голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 226 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ Гэр бүлийн 5 хүн Туул голын эрэг дээр амарч байснаас бага насны 1 хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.28-ны өдрийн 06:00 цагаас Х /8 настай, эрэгтэй/-г тус сумын Хайлааст багийн “Туул голын гүүр” гэдэг газраас “Өгөөмөр хайрханы дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т “Туул” голын усаар завиар урсаж, 3-4 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 30 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Хайлааст багийн “Туул голын гүүр” гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхэнгай сумын Дэрст багийн “Хас хос” гэдэг газар хүртэл 85 км-т завиар, 3-4 метрийн гүнд 2 удаа удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.   

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  06.29-ний өдрийн 08:00 цагаас тус сумын харьяат иргэн С /48 настай, эрэгтэй/-ыг Өлгий сумын 1 дүгээр багийн “Хуст-Арал” гэдэг газраас 4 дүгээр багийн “Бор дов” гэдэг газар хүртэл 10 км-т “Ховд” голын усанд завиар урсаж, дэгээ шидэж, 2 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон бөгөөд  06.30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Усанд автсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх, Минжийн хангай, Баянсуудал багт Тус сумын нутгаар 06.29-ний өдрийн 17:40 цагаас 20:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас   айлын гэр, байшин, хашаа усанд автсан тухай дуудлагыг 18:00-20:08 цагийн хооронд хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн А-ийн гэр, байшин, хашаа, Минжийн хангай багийн “Задгай”-д иргэн Л-ын гэр, Баянсуудал багийн иргэн Н-ийн байшин, мөн багийн иргэн Х-ын байшин, нүхэн зоорь, нийт 2 гэр, 3 байшин, 1 зоорь тус тус усанд автсан байсныг тус бүр 5-10 метр шуудуу ухаж гэр, хашааны усыг зайлуулж, байшин, нүхэн зоорины усыг насосоор соруулан гадагшлуулсан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top