Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Баян хөхий” 8 нэрийн хүнсний дэлгүүрт 4 ширхэг хөргөгч шатаж байсныг 15 минут цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 39 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2×2 метр хэмжээтэй 3 амбаар, иргэн Б-ын “Приус 30” загварын автомашин тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 5 метр орчим урттай хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 8 метр орчим урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн Урт гуя гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 271 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 08:16 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “ST120” загварын зүтгүүрийн бүхээг шатаад унтарсан, чиргүүлийг нь салгасан байсан тухай мэдээллийг Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн “Булаг” хорооллын 23 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Н-ын 5 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн “Тэсэлгээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход сумын төвлөрсөн хогийн цэгийн орчим 2 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 44 дүгээр байр өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус байрны хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Хужирт гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 06.28-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ахлуулсан орон нутгийн иргэд 25 км замыг туулан очиход иргэн Т-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг Цогт-Өндөр баг дахь Цагдаагийн хэсгийн цагдаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ 06.28-ны өдрийн 17:30 цагийн орчим гэр, суудлын автомашин шатсан шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Малчин Б-ийн 5 ханатай гэр, “Портер” загварын ачааны автомашин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Хадан хана” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Малчин Л-ийн 25х25 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг Түнэл сумын мэргэжлийн ангийн алба хаагчил ажиллаж мөн өдрийн 23:58 цагт унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Аргангатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.28-ны өдөрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, Дулаанхан багийнхан мөн өдрийн 16:44 цагт түймрийг цурамд оруулж, 17:25 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан гэр бүлийн 5 хүн Орхон голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд хөл алдаж, живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06.28-ны өдрийн 05:25 цагаас Булган аймгийн харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/-ыг Сант сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газраас хойд зүгт 52 км-т “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 метрийн гүнд 6 удаагийн шумбалт хийж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж 4 км-т ашиглаж, голын эрэг дагуу 22 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:15 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 08:04 цагт Сант сумын Ивэн багийн “Орхон голын гарам” гэдэг газар /осолдсон газраас баруун хойд зүгт 18 км-т/-аас голын эрэгт модонд тээглэсэн байсан тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Туулын голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 226 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ Гэр бүлийн 5 хүн Туул голын эрэг дээр амарч байснаас бага насны 1 хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Х /8 настай, эрэгтэй/-г тус сумын Хайлааст багийн “Туул голын гүүр” гэдэг газраас “Өгөөмөр хайрханы дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т “Туул” голын усаар завиар урсаж, 3-4 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 30 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 06.28-ны өдрийн 15:00 цагаас иргэн С /48 настай, эрэгтэй/-ийг Өлгий сумын 1 дүгээр багийн “Хуст-Арал” гэдэг газраас 4 дүгээр багийн “Их булан” гэдэг газар хүртэл 4 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top