Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр нутгийн зарим газраар, 4-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-ны өдөр Алтай уулархаг нутгаар, 4-ний өдөр тал, хээрийн нутгаар, 6-ны өдөр Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой баг дахь Техникийн захад ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:40 цагт очиход иргэн Х-гийн “УАЗ-3962” загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Э-гийн 4 метр урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн Э-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ж /46 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:02 цагт очиход иргэн А-гийн 20 тн-ын чингэлэг, 80 орчим ширхэг палк мод, улсын дугааргүй 1 автомашины их бие тус тус шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.     

3. Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.02-ны өдрийн 00:40 цагт цурамд оруулж, 01:20 цагт бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top