Жишиг сургалтын танхимын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

GJ1A5202-2.jpg

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь сургалт, сурталчилгаа юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар төв, орон нутгийн Онцгой байдлын газарт жишиг сургалтын танхим байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд НОБГ-ын “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв”, Дархан-Уул, Булган, Увс аймгийн Онцгой байдлын газруудад байгуулагдах жишиг сургалтын танхимын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө.

Тодруулбал, НОБГ-ын “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв”-д хөдөлгөөн сургалт хийх зориулалттай бага оврын сургалтын автомашиныг хүлээлгэн өгсөн бол орон нутгийн Онцгой байдлын газруудад сургалтын танхимын тоног төхөөрөмж өгсөн юм.

Техник, тоног, төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэйти Смит нар оролцлоо.

Тус төсөл хэрэгжсэнээр олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд хүртээмжтэй явуулах, цахим болон зайны сургалт тогтмол явуулах орчин нөхцөл бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top