Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл ахмад Ц.Тунгалаг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.
Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордоны Есөн хөлт цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Бэлтгэл ахмад Ц.Тунгалаг нь багш, орчуулагч, төрийн удирдлагын арга зүйч, менежер мэргэжилтэй бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм.
Тэрбээр Онцгой байдлын байгууллагад ажиллах хугацаандаа хоёр тал уулзалтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын офицер алба хаагчдыг ОХУ-д тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг шинэ түвшинд гаргаж, суралцагсдын тоог нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас тавьсан 10 сая мод тарьж, ургуулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсэгт ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.