Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Өвөрхангай аймаг, Арвайхээр. Зүлэгт багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:50 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Толгойтын 38 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 00:51 цагт очиход иргэн А-гийн 6 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 01:41 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 01:46 цагт очиход иргэн О-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг, хураалттай 1 тн аргал шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 32 км-т 07.07-ны өдрийн 16:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 16:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороо, “Монгол үндэсний олон нийтийн телевиз”-ийн урд автозам автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:36 цагт очиход Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Н/24 настай, эрэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашин жолоодож яваад иргэн Э-ын /28 настай, эрэгтэй/ “ZZ1257” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж автомашины эд ангид хөлөө хавчуулсан байсныг 11 минут ажиллаж гарган Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Усны осол: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн С 06.25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газар 06.28-ны өдрийн 14:45 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авч, 06.28-ны өдрөөс 06.30-ны өдрийг дуустал эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь 07.05-ны өдрийн 14:00 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.07-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлж мөн өдрийн 15:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 20 км-т Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “Хар-Ус” гэдэг газар, “Ховд” голын уснаас 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top