Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 21:19 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 12 дугаар хороонд үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 07.14-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:08 цагт очиход тосны үйлдвэрийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 50 л-ийн хэмжээтэй 12 ширхэг хийн баллон тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хороо, 7 буудлын эцэст худалдааны төвийн зоорийн давхарт утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:54 цагт очиход иргэн Б-ын 30х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2х3 метрийн хэмжээтэй өрөөний дотор тал, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 11 дүгээр хороо, Овоотын 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 08:48 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 08:54 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 11:18 цагт /11:34 цагт/ хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр, Ж-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороо, Үйлдвэрчний хотхонд 8 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна дуудлагыг 07.13-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:20 цагт очиход тус байрны 10 дугаар давхарт иргэн А, Т, 11 дүгээр давхарт БНХАУ-ын иргэн В, иргэн Э, 12 дугаар давхарт Т, О нарын тагт, эд зүйлс тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хүч нэмэгдүүлсэн дуудлагаар: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:28 цагт очиж 30 минут ажилласан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

Дархан-Уул аймаг, Шарынгол сум. Дархан 2 дугаар багийн Уурхайчдын 2-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 00:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:56 цагт очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг 16 минут унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо 2 дугаар багийн “Долоон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, 51°14’24.0″N 100°22’48.0″E/-т 07.13-ны өдрийн 18:45 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 18:55 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Уул уурхайн осол: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 4 дүгээр хороонд ашигладаггүй уурхайн гүн рүү 2 хүн ороод амьсгалж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан.

Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчидё3 км замыг туулан 19:50 цагт очиж иргэн З/19 настай, эрэгтэй/, П/16 настай, эрэгтэй/ нар ашигладаггүй уурхайд орж нас барсан байсныг 50 минут ажиллаж 30 метрийн гүнээс цогцсыг гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн их эмчид шилжүүлэн өгсөн.

Зам, тээврийн осол: Төв аймаг, Баян сум. Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлийн улсын чанартай А-0101 автозамын 109 дэхь км-т автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 14:23 цагт очиход иргэн Б /24 настай, эмэгтэй/ “Соната-8” загварын суудлын автомашин, иргэн А /37 настай, эрэгтэй/ “Хайландер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган Баян сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, тус сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Тээл багийн Засаг дарга, ар гэрийнхний хамт 07.13-ны өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 60 км-т, Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар хүртэл завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 25 км-т, Хутаг багийн “Бирвааз” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор голын эрэг дагуу зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. “Цагаан-Эрэг” багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим загасанд явахаар гэрээсээ гарсан иргэн Л, “Орхон” голд осолдсон байж болзошгүй гэсэн мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 17 алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г 07.13-ны өдрийн 05:30 цагаас эхлэн тус багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилийн 0101 дүгээр ангийн 5-тын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-н салаа” гэдэг газруудаар нийт 75 км-т завиар урсаж, 3 м-ийн гүнд 4 удаа шумбаж, явганаар голын эргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:40 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 5 дугаар багийн “Хорин найм” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/-т “Хэрлэн” голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид “Хэрлэн” голын уснаас Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат иргэн Х /31 настай, эмэгтэй/-ы цогцсыг 5 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим багийн “Хилэнцийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс урд зүгт 51 км/-т гэр бүлийн 12 хүн аялж явсанаас “Дэлгэрмөрөн” голд 2 хүн осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 13:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8 км замыг туулан 13:46 цагт очиж Улаанбаатар хотын харьяат иргэн Э/50 настай, эрэгтэй/, А /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 14 минут ажиллаж голын эргээс 6 м-ийн зайд, 3 м-ийн гүнээс олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Төв аймаг, Лүн сум. Төв багийн “Туул голын бетонон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/-т “Туул” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 15:44 цагт очиж, хүч нэмэгдүүлэн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 180 км замыг туулан 20:54 цагт очиж иргэн Э /21 настай, эрэгтэй/-ыг тус сумын Төв багийн “Лүнгийн бетон гүүр” гэдэг газраас “Бургастайн гүүр” гэдэг газар хүртэл 12 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:12 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Завхан аймаг, Тэлмэн сум. Нуур багийн “Их шийрийн дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 145 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км, Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/-т гэр бүлийн 12 хүн аялж явсанаас “Тэлмэн” нууранд 2 том хүн, 1 бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Улаагчийн хар” нуураас Тэлмэн сумын “Тэлмэн” нуурын чиглэлд аялж явсан Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг 07.13-ны өдрийн 19:14 цагаас эхлэн “Тэлмэн” нуурын усанд завиар урсаж, 8 м-ийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:06 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дэлгэрхан багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/-т дотроо 2 том хүн, 4 хүүхэдтэй суудлын автомашин “Орхон” голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 06:19 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 07:05 цагт очиж автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороонд 2 хүн хийлдэг гудастай “Туул” гол руу ороод алга болсон дуудлагыг 07.14-ний өдрийн 06:19 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 06:31 цагт осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Шаварт суусан: Завхан аймаг, Алдархаан сум. Мандаат багийн “Хүрэн толгой гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т “Богдын гол”-д суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:52 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:05 цагт очиход Завхан аймгийн Улиастай сумаас тус аймгийн Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн А /35 настай, эрэгтэй/-ын “Истарекс” загварын суудлын автомашин /дотроо 4 зорчигчтой/ “Богдын гол”-д суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байранд цахилгаан шатанд 1 хүн гацсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:37 цагт очиход тус байранд оршин суух хаягтай иргэн Д /36 настай, эрэгтэй/ 1 дүгээр давхарт цахилгаан шатанд гацсан байсныг 4 минут ажиллаж аварч гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Уруйн үер: Увс аймаг, Улаангом сум. 12 дугаар багт “Увс дулааны станц” ХХК-ийн төв шугамын худаг руу 07.13-ны өдрийн 16:00-17:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас үерийн ус орсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 18:34 цагт очиход “Увс дулааны станц” ХХК-ийн төв шугамын худагт үерийн ус орсоныг 2 цаг ажиллан 8 тн усыг соруулж гарган “Увс дулааны станц” ХХК-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top