1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-ний баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:54 цагт очиход тус байрны гаднах 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороо, Амгалангийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:47 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 09:56 цагт очиход тус тоотод иргэн М-гийн 5 ханатай гэр, 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо, “Хөх тэнгэр” хотхонд зөөврийн мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:28 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:39 цагт очиход иргэн С-ын 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн мухлаг, зэргэлдээх 4х7 метрийн хэмжээтэй зөөврийн мухлагийн дээвэр тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороо, Морингийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 21:28 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:33 цагт очиход тус тоотод иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум. 1 дүгээр багийн 35 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 20:21 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:25 цагт очиход иргэн Ш-ын 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд эд, зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймаг, Цагаандэлгэр сум. Дэлгэрэх зам багийн “Шар худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 168 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ 07.13-ны өдрийн 14:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг 07.14-ний өдрийн 11.50 цагт хүлээн авсан.
Гал түймэрт малчин Ө-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр шатсан тухай мэдээллийг тус сумын багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол
Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дэлгэрхан багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ 6 зорчигчтой суудлын автомашин гүүрний хашлага даван онхолдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 06:19 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 07:05 цагт очиход иргэн У-ын “Саксээд” загварын суудлын автомашин “Орхон голын гүүр”-ний хашлага даван “Орхон” голын хуурай салаа дотор унасан байсныг 1 цаг 30 минут ажиллан иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт, автомашины жолооч У/30 настай, эмэгтэй/, зорчигч Г/33 настай, эрэгтэй/, Н/10 нас эмэгтэй/, С /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-т тус тус хүлээлгэн өгсөн.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 07.14-ний өдрийн 05:00 цагаас иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 60 км-т, Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар хүртэл завиар урсаж, 3.5 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт 25 км-т, Хутаг багийн “Бирвааз” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/-т 07.10-ны өдрийн 11:00 цагийн орчим загасанд явахаар гэрээсээ гарсан иргэн Л “Орхон” голд осолдсон байж болзошгүй гэсэн мэдээллийг 07.12-ны өдрийн 17:57 цагт аймгийн Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт 5 км-т “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл явганаар, “Хилийн 0101 дүгээр ангийн 5-тын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-н салаа” гэдэг газруудаар нийт 70 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн.
Төв аймаг, Лүн сум. Төв багийн “Туул голын бетонон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/-т “Туул” голын усанд сэлж байсан 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 07.14-ний өдрийн 06:00 цагаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат иргэн Э/21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Өгөөмөр багийн “Бетон гүүр” гэдэг газраас “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 37 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 37 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:57 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Завхан аймаг, Тэлмэн сум. Нуур багийн “Их шийрийн дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ гэр бүлийн 12 хүн аялж явснаас “Тэлмэн” нуурын усанд 2 том хүн, 1 бага насны хүүхэд сэрүүцэх гэж ороод осолдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 07.14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг “Тэлмэн” нууранд зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Оросын гарам” гэдэг газар “Туул” голын усанд хийлдэг гудсаар хөвж явсан 2 хүн живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 06:19 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 39 км замыг туулан 07:22 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 07:39 цагт осолдсон газраас урд зүгт 12 км орчим зайд “Туул” голын салаанд хайргадаж тогтсон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст, 18:11 цагт иргэн У /38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 5 км орчим зайд голын усанд модонд тээглэж тогтсон байсныг олж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Минж үржүүлэг” гэдэг газарт гэр бүлийн 5 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд орж байсан живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 07:15 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 42 км замыг туулан 08:13 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/ голын усанд сэлэх гэж ороод живсэн байсан тул эрэг хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:11 цагт осолдсон газраас баруун зүгт 5 км зайд голын эргээс тухайн иргэний цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР