Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөө 19-24 градус, говь, талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд говь, хээрийн нутгаар, 22-нд говь, талын нутгаар, 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 18:39 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:43 цагт очиход ухсан нүхэнд хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 10 дугаар хороонд ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:25 цагт очиход 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор сандал, ширээ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороо, “Автоплаза-1”-ийн хашаанд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 18:26 цагт ангиас гарч 2 км замыг туулан 18:33 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Сантмаргац сум. “Өлзийт” хороо 2-202 тоот /аймгийн төвөөс баруун хойд зүгт 400 км, сумаас урд зүгт 150 км/-т гэр шатсан тухай мэдээллийг 07.19-ний өдрийн 07:44 цагт /07:48 цагт/ хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 1 цаг 42 минут ажиллаж 02:52 цагт унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 36 дугаар хороо, Алтан-Овооны 33 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 18:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн М-ын улсын дугааргүй, бага оврын автобус /микро/ шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороо, Морингийн давааны 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:07 цагт очиход иргэн Г-гийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Баянгол сум. Эргэн дэнж багийн “Буураа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/-т малын саравч, үүдний амбаар 07.19-ний өдрийн 21:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:02 цагт тус сумын Тамгийн газрын дарга мэдээлсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд малчин Б-гийн 10х5 метрийн хэмжээтэй малын саравч, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатсан газар очиж ажилласан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хороо, “Хадат вилла” хотхон явах авто зам дагуу байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн О-ын 12х8 метрийн хэмжээтэй монсардтай 2 давхар байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, “Шарга морьт”-ын гүүрний баруун урд үерийн даланд автомашин унасан дотор нь байгаа хүмүүсийг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 14:32 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г/37 настай, эмэгтэй/, Т/41 настай, эмэгтэй/ нар “Приус-30” загварын суудлын автомашинтай үерийн далан руу унаж автомашин дотроосоо гарч чадахгүй байсныг 7 минут ажиллаж эсэн мэнд гарган Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.19-ний өдрийн 05:30 цагаас 20:30 цаг хүртэлх хугацаанд иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар урсаж, “Бярваз” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу явганаар болон морьтойгоор 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум: Согоот багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар иргэн С автомашинтай гараад алга болсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18 км замыг туулан 22:55 цагт очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн С /65 настай, эмэгтэй/-ийн унаж явсан “Приус-20” загварын суудлын автомашин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Лүдэг”-ийн голын шаварт суусан, иргэн С автомашин дотроо байгаагүй тул эрэн хайх ажиллагааг 07.18-ны өдрийн 22:55 цагаас эхлүүлж мөн өдрийн 00:50 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 07:40 цагаас Цэнхэрмандал сумын Согоот багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газраас тус сумын Нугаар багийн “Аягын-Амны гарам” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 34 км завиар урсаж, явганаар болон автомашинтайгаар 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:19 цагт автомашинаас нь урд зүгт 30 км-т, Нугаар багийн “Аягын-Амны гарам” гэдэг газар “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймаг, Толбо сум. “Толбо нуур” багийн Толбо нуур /аймгийн төвөөс баруун зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т 1 хүн сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат иргэн Е /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 1 м зайд усанд хөвж байсныг олж гарган аймгийн Нэгдсэн Эмнэлгийн түргэн тусламжийн тасаг, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Яргуйт багийн Хөтөлийн 7 дугаар гудамжинд нүхэн жорлонд жирэмсэн эмэгтэй урагаа унагаасан урагийг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 07.19-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 16:06 цагт очиход иргэн О/38 настай, эмэгтэй/ нүхэн жорлонд урагаа унагасан байсныг 21 минут ажиллан амьгүй урагийг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Салхи, шуурга: Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум. Баянтээг багийн “Тээг хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т 07.18-ны өдрийн 21:00 цагийн орчим хүчтэй салхины улмаас байшингийн дээвэр хууларч, хашаа нурсан тухай мэдээллийг 07.19-ний өдрийн 13:42 цагт /16:50 цагт/ хүлээн авсан.

Хүчтэй салхинд “Баянтээл ХХК”-ийн ажилчдын орон сууцны дээвэр, 1 айлын байшин, 1 засварын газар, 1 гараашийн дээвэр хууларч, 8 айлын хашаа нурж, эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top