Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 25-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр, 26-наас 28-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Ховд аймаг, Жаргалант сум. Хайрхан багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:02 цагт очиход иргэн Ж-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Хийд” хорооллын 16 дугаар гудамжинд гэр шатаж   байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:24 цагт очиход иргэн Д-ын 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, иргэн Ш-ын 4 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.   

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 2 дугаар баг, “Баянмөнх” хороолол мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан.   

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:55 цагт очиход иргэн Ж-ны “DY-125-10” загварын мотоцикл шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.       

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Ханх сум. 2 дугаар багийн “Долоон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-51°17’24.0″, У-100°25’12.0″/ 07.23-ны өдрийн 22:20 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 20:25 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Шаварт суусан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Асем вилла” хотхоны хойд талд “Туул” голын усанд иргэд автомашинтайгаа суусан тухай дуудлагыг 04:22 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 04:40 цагт очиход тус хотхоны хойд талд “Соната-6” загварын суудлын автомашин “Туул” голын салаанд усанд сууж, автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М/23 настай, эрэгтэй/ бүхээг дээрээ гарсан байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top