Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 26, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27, 28-нд зарим нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянбулаг багийн Зээлийн 3 дугаар хэсгийн 59 дүгээр худаг шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 13:12 цагт /13:13 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:16 цагт очиход иргэн Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй худгийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.  

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороо, Шагдаржавын гудамжинд орон сууцны 3 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 14:31 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:38 цагт очиж, хүч нэмэгдүүлэн 15:03 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:08 цагт, 15:50 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан, 15:59 цагт, 15:54 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:02 цагт очиж тус байрны 1 дүгээр орцны 3-15 дугаар давхрын цахилгаан дамжуулах шугам шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Ногооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:10 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 20:27 цагт очиход иргэн Д-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 6 дугаар хороо, 10 дугаар хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:15 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:22 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 12 дугаар хороо, Бичил хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:54 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:01 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 17 дугаар хороо, 1 дүгээр хороололд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:53 цагт очиход тус байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Ус, шаварт суусан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоны хойд талд “Туул” голын усанд /2 зорчигчтой/ автомашин суусан гэсэн дуудлагыг 11:40 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:48 цагт очиход “Хаймер-Эйч 2” загварын суудлын автомашин аяллын чиргүүлтэй “Туул” голын салаанд усанд сууж, тус автомашины жолооч Баянзүрх дүүргийн харьяат А/35 настай, эрэгтэй/, зорчигч Баянзүрх дүүргийн харьяат Э/35 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээг дээр гарсан байсныг аврах завь ашиглан тус иргэдийг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Хар усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд автомашин суусан гэсэн дуудлагыг 16:13 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:16 цагт очиход “Тоёота -Альфард” загварын суудлын автомашин “Туул” голын усанд сууж автомашины жолооч Г/32 настай, эрэгтэй/ автомашинаас гарч, тус автомашинд зорчиж явсан Баянзүрх дүүргийн харьяат М /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/, Х /5 настай, эмэгтэй/, М /6 настай, эмэгтэй/ нарыг аврах завь ашиглан автомашинаас аюулгүй газарт гарган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Хар-Үзүүр” гэдэг газар “Туул” голын усанд тус бүр /3 зорчигчтой/ 2 автомашин суусан гэсэн дуудлагыг 18:11 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:33 цагт очиход иргэн О-ын жолоодож явсан “Тоёота Приус-11” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Тоёота Приус-30” загварын суудлын автомашинууд “Туул” голын усанд сууж,  Баянзүрх дүүргийн харьяат иргэн Д/15 настай, эрэгтэй/, Э/7 настай, эмэгтэй/ Э/14 настай, эрэгтэй/, Г /8 настай, эмэгтэй/, И/10 настай, эмэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/ нарыг аврах завь ашиглан тус автомашинуудаас аюулгүй газарт гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Оюут багийн 2-24 дүгээр байранд дулааны худагт хүүхэд унасан гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 13:31 цагт /13:34 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан, 13:34 цагт очиход тус байранд оршин суугч Э/4 настай, эмэгтэй/ 3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан байсныг 4 минут ажиллан гарган, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн. 

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Агаруут баг, “Толийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 290 км, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 07.24-ний өдрийн 03:00 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй салхилсаны улмаас 2 гэр нурж, автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Малчин М-ын 5 ханатай 2 гэр нурж, 2 гэрийн голд байсан “Тоёота-приус-20” загварын суудлын автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 07.24-ний өдрийн 13:35 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top