Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 28, 29-ний өдөр говийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 29-ний өдрөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 11 дүгээр хороо, 41 дүгээр байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 09:59 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:06 цагт очиход тус байрны гаднах 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо, Сургалтын хэсгийн 8 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:11 цагт очиход иргэн Т-ний сэлбэгийн задаргаанд ашиглаж байсан “Соната-3” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хороо, Тахилтын 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан.    

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 17:58 цагт очиход тус тоотод иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Увс аймаг, Малчин сум. Баян-Хайрхан багийн “Хадан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ өвөлжөө шатсан тухай мэдээллийг 07.27-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан.     

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 02:00 цагт очиход малчин О-гийн өвөлжөө шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг Малчин сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Гахай худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 07.26-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:10 цагт очиж, мөн өдрийн 23:00 цагт түймрийг бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, “Хадан хясаа” гэдэг газар /баруун зүгт 500 метрт/ “Туул” голын эрэгт 5 хүн зугаалж явсанаас 1 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 09:05 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ж /51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт осолдсон газраас баруун зүгт 4 км-т “Морингийн даваа” гэдэг газарт “Туул” голын салааны эрэгт хайргадаж тогтсон тухайн иргэний цогцсыг олж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн. 

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Билүү толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ “Хотон” нуурын эрэгт нэг ангийн 8 хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан 1 хүн хөл алдан живсэнд нь аврах гэж араас нь орсон 1 хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан 07.26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мөн өдрийн 10:02 цагт “Хотон” нуурын 16 метр орчим гүн /эргээс 25 метр/-ээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн А/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 11:05 цагт нуурын 15 метр орчим гүн /эргээс 30 метр/-ээс иргэн Н/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, “Био комбинат”-ын хойд талд “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.26-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:20 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б/34 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Туул” голын салаанаас 1 цаг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн. 

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Уруйн үер: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21, 32 дугаар хороо “Эмээлт”, “361-ийн гарам” гэдэг газар 07.26-ны өдрийн 14:00 цагаас 14:30 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас нийтийн гудамж талбай болон төмөр зам, автозам, айлууд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 14:38 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, үерийн усанд боогдсон 7 хүн /4 том хүн, 3 хүүхэд/-ийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан.

Үерт 58 орчим өрхийн гэр, байшин, гудамж талбай усанд автаж, 3 гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний 1 гүүр нурсан бөгөөд тус дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг болон холбогдох мэргэжлийн байгууллагууд тухайн газарт иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, автозамыг засварлах зэрэг ажлыг хамтран зохион байгуулан ажиллаж байна. Мөн үерийн усанд УБТЗ-ын Рашаант-Давааны зөрлөг хоорондын 365 дугаар км-ийн 1 дүгээр зуутад 75 метр газарт төмөр зам угаагдаж, 361 км-ын гарам усанд автсаныг тус байгууллагаас сэргээн босгох ажлыг зохион байгуулж, мөн өдрийн 22:46 цагт хэвийн болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top