Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 02-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Булган аймаг, Тэшиг сум. Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг 07.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажилласан.

Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан үнээ” 1 дүгээр гудамжинд аргал шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн Ц-ийн хашаанд 2 тн аргал шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо, Шархадны 5 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:03 цагт очиход иргэн А-гийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 2 дугаар багийн “Тээвэрчид” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 00:27 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:30 цагт очиход иргэн Э-ын 3х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Уул уурхайн осол: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “16-ын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 126 км/-т бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн Н шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс 07.28-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон 4 м-ийн гүн цооногт /уурхайн зорилгоор ашиглаж байгаагүй/ гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн М/37 настай, эрэгтэй/ нь шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Усны осол: Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ “Хэрлэн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:33 цагт /16:36 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.28-ны өдрийн 05:00 цагаас 20:40 цагт хүртэлх хугацаанд тус аймгийн Булган сумын харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас тус сумын 1 дүгээр багийн “Нисэх онгоцны чиглүүлэгч самбар” гэдэг газар хүртэл 40 км-т “Хэрлэн” голын усаар завиар урсаж /2 удаагийн давтамжтай/, зохион байгуулсан. 07.29-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top