16:00 цаг. Нийслэлээс гарах автомашины уртаас урт цуваа үүсчээ. Учир нь Баасан гараг учраас иргэд агаар салхинд гарахаар автомашиндаа майхан саваа ачаад Туул голын эрэг тохой бараадаж хоноцгоохоор явж байгаа нь энэ. Эрт ирээд майхан, ширээгээ засаад тухалсан хүн байхад дөнгөж майхны гадсаа зоож байгаа ч хүмүүс байлаа. Голын эрэгт 5-7 насны хоёр хүүхэд ногоон өнгийн хийлдэг тоглоомоор тоглож байлаа. Хөвгүүдийн нэг нь хийлдэг тоглоомоо голын ус руу шидэж, араас нь гүйхээр оролдов. Аврагчид “Бид аваад өгнө. Голын эргээс гараарай. Аав, ээждээ очоорой” гэж орилсоор хөвгүүдийн хажууд завиа зогсоолоо.
Тэдний аав, ээж хүүхдээ голын эрэгт тоглож байгаа гэдгийг ч мэдэх сөхөөгүй хорхог, боодог хийсэн шиг хөхрөлдөж суух.
Завьт эргүүлийн аврагч “Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ голын усанд хөвөгч хийлдэг гудас, хийлдэг завь авч өгдөг болсон. Тэдгээр зүйлс ширүүн урсгал, модны мөчирч сүлбэгдэж хагарах аюултай. Дээрх тоглоомуудыг ашигласан тохиолдолд эрэг дагуу гүехэн усанд тоглуулах ёстой. Саяны хүүхдүүдийн тоглож байсан хийлдэг тоглоом хамгийн аюултай. Тогтоол усанд тоглох зориулалттай байтал манайхан урсгал усанд хүүхдээ суулгаад, тавьчихдаг. Өнөөх нь гэнэт ширүүн урсгалд орохоороо хөлбөрч, хүүхдүүдийг унагааж улмаар живэх аюулд хүргэдэг” гэдгийг анхааруулав.
Бүгд хий дэмий халаглахаас биш, үүрэг хариуцлагаа мартан архи дарсанд хөлчүүрхсэн хүмүүсийн аяны дугараа энд цангинана.
“Ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэгчээр архи, дарс хэрэглэлгүй хүүхдээ сайн харж буй эцэг эхчүүд энд цөөнгүй байсан гэдгийг онцлоё.
Аврах найдвар үлдсэн байгаасай л гэж хүсдэг
Нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, ахмад О.Хосбаярын хувьд хоёр тохиолдол санаанаас нь ер гардаггүй гэнэ. Энэ талаар тэрбээр ярихдаа “Амарч зугаалахаар 4-12 насны дөрвөн хүүхэдтэй гэр бүл найз, нөхөдтэйгээ хамт голын эрэг дээр ирсэн. Улмаар архидан согтуурсан. Тэр үед дөрвөн настай хүүхэд нь голд живж байхыг харсан аав нь сандраад гол руу орсон байгаа юм. Аав нь хүүхдээ аварсан ч харамсалтай нь хөл алдаад өөрөө живсэн. Эхнэр нь согтуу. Найз нөхөд нь тэднийг аврах гэж оролдоогүй. Аавынх нь цогсыг голоос гаргачхаад хүүхдүүдийнх нь царайг харах үнэхээр хэцүү байсан” гээд уртаар санаа алдлаа.
Тэрбээр үргэлжлүүлэн өөр нэг тохиолдлыг ярив. “Мишээл төвийн урд Туул голын салаанд хэсэг газар голын урсгал 1 метр гарантай байдаг. Цаашилбал 20 метрийн гүнтэй эргүүлэг бий. Тэр эргүүлэг рүү 14 настай хүүхэд орсон. Арван жилийн найзууд нь аврах гэж оролдсон гэхдээ чадаагүй. Бид очоод гаргасан ч хэдийн оройтсон байсан. Цогцсыг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчхөөд ар гэрт нь тэр мэдээг дуулгах хамгийн хэцүү. Өглөө зүв зүгээр гарсан хүүхэд шүү дээ гээд эхэр татан уйлаад “Миний охин мөн үү” гэж итгэж ядан зогсох гэр бүлийг хараад дотор эмтэрдэг. Тиймээс усны ослын дуудлагад очихдоо битгий эндээсэй, аврах найдвар үлдсэн байгаасай л гэж хүсдэг” гэлээ.
Нааш зүглэх машины цуваа тасралтгүй нэмэгдэж, голын эрэг дагуу сул талбай бараг л үлдсэнгүй. Улмаар голын эрэг дагуу үргэлжилсэн урт бөөгнөрөл үүсэв. Иргэд голын эрэг, тохой, булан бүрт буудаллаж, тойрч суугаад хөзөр тоглож, архи ууцгаан, бага насны хүүхдүүд голын усанд хариуцах эзэнгүй тоглож буй дүр зураг хаа сайгүй.
Гай зовлон хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн орчноо мартсан тэрхэн зуурт бяцхан үр нь эсвэл согтуу хань ижил нь усанд урсаад явчих вий. Ийм болгоомжлол төрснийг нуух юун.
Тоон мэдээлэл дурдахад, 2022 он гарсаар усны ослоор 64 хүн амиа алдсаны дөрөв нь хүүхэд байжээ.
- 2020 онд 33
- 2021 онд 31 хүүхэд амиа алджээ. Үүнийг өмнөх жилүүдтэй нь харьцуулбал бараг хоёр дахин нэмэгдсэн тоо. Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор 553 хүн амь насаа алдсаны 437 буюу 79 хувь нь том хүн, 124 буюу 22.4 хувь нь хүүхэд байж.
Үхэл, амьдралын зааг ба 6 секунд
Усны ослын дуудлага ихэвчлэн 15:00-18:00 цагийн хооронд ирдэг байна. Иргэд 12:00 цагийн үед голын эрэг дээр ирээд тухлаад архидан согтуурч, 15:00 цагийн үед гол руу сэрүүцэх гэж ороод живэх тохиолдол түгээмэл гэнэ. Хэрэв усанд живж байгаагаа мэдвэл 6 секунд амьсгаагаа түгжээд биеэ сул тавиад дээшээ хөвөх хэрэгтэй гэдгийг аврагчид зөвлөж байна. Ингэхэд ширүүн урсгалаас гарч тогтуун газар руу аяаандаа очих бөгөөд сандраад биеэ чангалахаар доош живдэг байна.
Хогон дундах зугаалга
Энд хөндөхгүй орхиж болохгүй сэдэв бол амрагчдын хог. Хаана л гол, мод, уулын энгэр байна, тэнд аялагчид. Харамсалтай нь, иргэдэд цэвэрхэн аялах ухамсар алга. Ус, ундааны лааз, архины шил, чихрийн цаас зэрэг элдэв хог нь байг гэхэд ой мод, голын ойролцоох шугуй бүхэлдээ жорлон болжээ. Магадгүй ариун цэврийн байгууламж байхгүй учраас л “байгальдах”-аас өөр аргагүй гэж биеэ өмөөрцгөөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ л амралтын газар, айлуудын дунд хүртэл тав алхаад л модон жорлон байдаг нь нууц биш. Ядахдаа л хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хаялгүй уутлаад хогийн цэгт хаячих ухамсар алга.
Хаалга нь дэлгээстэй жорлонгийн үүдэнд нөгөө л нэг пивоны сав, лааз хөглөрнө. Хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн энэ жорлонгоор хүмүүс үйлчлүүлэхээ больжээ. Мэдээж Монголчуудын тархин дахь хогийг цэвэрлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Монголчууд өөрсдийгөө эх оронч гэж боддог. Харамсалтай нь, эх орноо хайрлах сэтгэл эх дэлхий, байгаль орчноо хайрлахаас эхэлдэгээ тэд мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Эх орон гэж хоосон цээжээ дэлдэгчид эсрэгээрээ байгаль дэлхий гудамж талбайд хамгийн их хог тарьдаг “орк”-ууд байдаг нь худлаа биш.
Монгол хүн бол Монгол эх орны хорлон сүйтгэгчид гэж хэлэхэд ч буруудахгүй. Иргэдийн тархиндаа, сэтгэлдээ овоолсон хогийн цэвэрлэхгүйгээр тэд байгаль дэлхийд хогоо тарьсаар л байх биз.
Э.СОСОРБУРАМ
Эх сурвалж: http://time.mn/s2A.html