1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-ны өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 6, 7-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 8-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 9-ний өдөр ихэнх нутгаар хална.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.4-ний өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 58/В байрны харуулын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход тус байрны зоорийн давхарт харуулын 2х4 метрийн хэмжээтэй өрөөний хаалга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн 3 дугаар гудамжинд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 0.2 км замыг туулан очиход иргэн А-ийн улсын дугааргүй мотоцикл шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 08.04-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер: Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 68 км-т, сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ 08.01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 08.05-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР