Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно. Салхи 19, 20-ны өдөр нутгийн зарим газраар, 21-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 21-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 22-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шадивлангийн-Ам” зуслан хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход “Шадивлангийн-Ам” зуслангийн газрын хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход тус тоотод иргэн Б-ийн байрны хаалга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Гучин хоёрын тойрог”-т автозамын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 02:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн У-ын “Соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Өрөлт” хорооллын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 0.5 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.       

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Хөтөл” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн М-ийн 6х10 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.        

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

– Автозамын тээврийн осол: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т суудлын автомашин болон ачааны автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 5 хүн бүхээг дотроо хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 08.17-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 55.6 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын “Сивик” загварын суудлын автомашин автозамын эсрэг урсгал руу орж Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Норд бенз” загварын зүтгүүртэй мөргөлдөн доогуур нь орж дарагдсан байсан тул 5 цаг 20 минут ажиллаж, суудлын автомашиныг татан гаргаж, дотроос нь автомашины жолооч Н /25 настай, эрэгтэй/, зорчигч Е /35 настай, эрэгтэй/, иргэн М /65 настай, эмэгтэй/, М /35 настай, эрэгтэй/,  Д /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш /58 настай, эрэгтэй/, хамт ажиллаж байсан иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Ч /37 настай, эрэгтэй/ нар хүчдэлд цохиулж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top