Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэрэг бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлх”-ийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Булган сумын Баянсуудал багийн “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 383 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн З-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинд ачсан 2.4 тн өвс шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. /Автомашин шатаагүй болно/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 21:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Э-ын 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

– Автозамын тээврийн осол: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Загастайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 37 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Суудлын автомашин онхолдож автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин онхолдож жолооч Төв аймгийн иргэн Ж /28 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт, мөн Завхан аймгийн иргэн Ц /35 настай, эмэгтэй/, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /35 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Усны осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Задгай” жалганд тогтсон тогтоол усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /37 настай, эрэгтэй/ 80 см гүнтэй жалганд тогтсон усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Тус сумын төвөөс Навчилтай багийн чиглэлд гэрлүүгээ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 03.12-ны өдрийн 16:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон. 04.22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Ам” гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-ийн цогцос олдсон бөгөөд иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Улаагчийн гарам” гэдэг газраас зүүн зүгт 23 км-т Жүр-Үзүүр”гэдэг газар хүртэл “Эг” голын усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан бөгөөд 08.19-ний өдөр Навчилтай багийн “Улаагчийн-Ам” гэдэг газар “Эгийн гол”-ын салаанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж иргэн Л /29 настай, эрэгтэй/-ийн цогцсыг голын салаанаас гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн “Дэвшилт” хорооллын 3 дугаар гудамжинд /сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /сэтгэцийн эмгэгтэй/ 08.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э/52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г мөн өдрийн 11:35 цагаас эхлэн Холбоо толгой, Модтой толгой, Цагаан- Эрэг, Овоо толгой гэдэг газарт 15-23 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Үер: Булган аймгийн Рашаант сумын Аргалхайрхан багийн “Бадын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 237 км-т, сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ 08.18-ны өдрийн 20:00-22:00 цагийн хооронд 23-25 м/с хүчтэй салхи салхилж, усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хохирлол учирсан тухай мэдээллийг 08.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг очиход тус сумын Аргал хайрхан багийн Бадын гол гэдэг газар малчин Б-ын 44 бог мал, Н-ын 86 бог мал үерт урсаж, мөн Г-ийн 4 ханатай гэр, С, Ц, Э нарын 5 ханатай гэр нурсан, рапсны 50 га талбай, тарьсан ногоон тэжээлийн 190 га талбай, улаан буудайн 250 га талбай, улаан буудайн 1000 га талбай, мөн рапсны  500 га талбай, улаан буудайн 600 га талбай,  иргэн Д-ийн тарьсан ногоон тэжээлийн 30 га талбай, Б-ын тарьсан улаан буудайн 120 га талбай, ногоон тэжээлийн 100 га талбай тус тус усанд автсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.   

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Оргиот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т/ 08.18-ны өдрийн 23:35-01:15 цагийн хооронд усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас иргэдэд хохирол учирсан тухай мэдээллийг 08.19-ний өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг очиход тус сумын Угалзат багийн “Оргиот” гэдэг газар малчин  Б-ын 55 бог мал, М-ын 83 бог мал, Б-ийн 24 бог мал, Д-ийн 26 бог мал, А-ийн 168 бог мал, З-ын 80 бог мал, С-ийн 35 бог мал, Г-ийн 22 бог мал, Д-ын 36 бог мал, нийт 9 айлын 529 бог мал үерт урсаж хорогдсон, мөн 5 автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийн 08.19-ний өдрийн 21:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top