Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун, төв, зүүн аймгуудын аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.   

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Хулд сумын Уул багийн “Алаг-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 106 км, сумын төвөөс баруун урд 6 км-т/ суудлын автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус-30” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт 08.22-ны өдрийн 12:03 цагт ирүүлсэн. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Сансар”-ын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Зүүн салаа”-ны зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн С-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн “Дэвшилт” хорооллын 3 дугаар гудамжинд/сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /сэтгэцийн эмгэгтэй/ 08.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан иргэн Э/52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г 08.21-ний өдрийн 11:00 цагаас 22:00 цаг хүртэл Цэцэн хайрхан, Сүм-Ариун гэдэг газруудаар нийт 60 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.22-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:00 цагт Цэцэн багийн Арцтай-Уул”гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 18 км/-аас эсэн мэнд олсон.  

Усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” /Баянзүрхийн гүүрний зүүн талд/  Туул голын усанд суудлын автомашин суусан зорчигчид нь автомашиныхаа бүхээг дээр гарсан байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан.    Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан очиход Сүхбаатар дүүргийн иргэн Т /42 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн иргэн О /39 настай, эмэгтэй/ нар Ланд-ровер загварын автомашинаар зугаалж яваад усанд суусан байсныг татан гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/:Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Өгөөмөр”-ийн 101 дүгээр гудамжинд өсвөр насны хүүхэд гурил элддэг цахилгаан машинд гараа хавчуулсан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход М /9 настай, эмэгтэй/ гурил элдэгч цахилгаан машинд баруун гараа хавчуулсан байсныг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top