Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо, уулархаг газраар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, бороо, уулаараа нойтон цас, 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 25-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Газарчин” дээд сургуулийн баруун талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход ашиглагдахаа больсон байшингийн суурь дээр хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар /цурмыг манаж хоносон/-аар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай шатсан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top