Г.Махбариад: Хязгаар нутгийн хүн болж төрж өснө гэдэг өөрөө өөрийнхөө эзэн нь байж, эрт бие даах хэрэгтэй дээ

DSC_0066.jpg

Хүмүүстэй уулзах шалтгаан олон янз. Нэг ангийн, нэг төгсөлтийн, нэг ажлын гээд. Гэтэл энэ олон шалтаг шалтгаан дунд нэг нутгийнхан гэх бас нэг шижим байх. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, хошууч генерал Г.Махбариад гуайтай нутгархаж, уулзаж ярилцаж яваагүй ч энэ удаа нутгийн бууралтай уулзалдая хэмээн зорьж, гэрээр нь очлоо.

-Таны нэрийг анх хэн өгсөн юм, тань шиг нэртэй хүнтэй урьд өмнө уулзалдаж байсангүй?

-Миний нэр анхандаа Ухна байсан юм. Дорноговьд Ухна нэртэй хүн тухайн үед их олон байдаг байсан. Тэднийг улаан, ногоон, цагаан гээд нутгийнхан ялгачихдаг байлаа. Гэтэл би дөрвөн настайдаа үхрийн бөөр идэж байгаад хахаж цацаад сүйд болсон юм билээ. Тэгээд нутгийн ламаас асуухад нэрийг минь Махбариад болгосон гэдэг.

-Та нутгаасаа хэдэн онд гарав. Ах дүү нар тань нутагтаа байна уу?

-Би 1934 онд одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум, тэр үеийн Айлбаян сумын 1 дүгээр багийн нутаг Хадан хошуу гэдэг газар төрсөн. Эргэлийн зоогийн наахна талд гэсэн үг. Миний ээж таван хүүхэд төрүүлсэн. Балжир, Махбариад, Нямаа, Хүүхэн, Бүрнээ. Балжир гэдэг нь миний эгч. Би дороо хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй, одоо тэд маань бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Манайх мал цөөнтэй, тарчиг айл байсан. Тиймээс аав ээж маань биднийг эрхлүүлэх нь ховор. Намайг анх төрөхөд нөгөө нэр сольдог ламд үзүүлж, төөрөг асууж л дээ. Тэр лам айлдахдаа “Энэ хүү хүний хамгийн сайн чанаруудыг агуулсан, шударга шулуун, бусдад итгэл найдвар төрүүлдэг, нууц хадгалахдаа гаргуун хүн болох нь. Эд мөнгөнд шунадаггүй ч үргэлж мөнгөтэй явах, их том дарга болох хүүхэд байна” гэсэн гэдэг. Түүнээс ч болсон юм уу, намайг гэр дотроо арай илүү эрхлүүлэх гээд байх шиг байсан.

-1934 онд төрсөн гэхээр таны хүүхэд нас дайны жилүүдэд өнгөрсөн байх юм. Сургууль соёлын барааг хэзээ нь харав?

-Дайны хар сүүдэр айл бүрийг нөмөрсөн үе байсан. Аав ээж хоёр маань юм л бол намайг хань татаж дэргэдээ байлгах санаатай ч 1942 онд Айлбаян сумын бага сургуульд оруулсан. Гэхдээ та нарын бодож байгаа шиг шуудхан 10 дугаар анги төгсөөгүй юм шүү дээ. Бага сургуулиа төгсөөд гэртээ дэм  болохоор мал олонтой айлуудын мал маллаж, зарц маягтай хэсэг явлаа. Гэтэл 1952 онд сумын дарга н.Лувсандагва гуай манайд ирж нам төрийн бодлого шийдвэр ярьж сууснаа “Танай энэ өндөр бандийг суманд аваачиж, мэдлэг боловсролтой болгоё” гэсэн чинь  аав ээж хоёр таг. Дарга хэсэг сууж байснаа “Чи өөрөө юу гэж бодож байна” гэж надаас асууж байна. Би ч бодож санах зүйлгүй “Тэгье” гээд хэлчихсэн. Ингээд би сумын төвд даргынхаа гэрт суудаг, зарлагын ажилтай болчихов. Түүнээсээ төд удалгүй бичээч ч боллоо.

-Сумын бичээч гэхээр ямар ажил үүрэгтэй хүн байх уу?

-Сумаас гарах бүх бичгийг бичгийн машин дээр л бичнэ шүү дээ.

-Та чинь тэгвэл тэр үедээ дэвшилтэт технологи эзэмшсэн хүн явсан байх нь?

-Тэрийг чинь сурах гэж амаргүй ажил байсан. Би чинь дөрөвдүгээр ангийн боловсролтой, дээр нь зааж сургаад өгөх хүн байхгүй. Оролдлогоороо сурсан. Дээшээ явах бичиг цаасыг заавал машинаар бичдэг журамтай. Түүнийгээ алдаа мадаггүй, засаж сохолж болдоггүй байсан. Шөнө орой сууж, уйгагүй оролдсоор бичиж сурч билээ. Түүнийхээ төлөө 60 төгрөгийн цалинтай. Талыг нь аав ээждээ явуулна, анхныхаа цалинг аваад учиргүй баярлаж энэ насандаа үрж барж дуусамгүй их мөнгө шиг л санагдаж байж билээ.

-Бичээчээсээ үсрээд дараа нь ямар ажилд оров?

-Бичээчээсээ үсрээд дахиад бичээч болсон. Гэхдээ аймгийн Хоршоодын холбоонд. 1953 оны зун аавын дүү Г.Ундруу ах манайд ирж, мөн л аав ээжтэй ярьж сууж байгаад намайг аймаг авч явья гэж тохирсон юм билээ. Ингээд өнөө нөхөр чинь аймгийн төвийн хүн болохоор мориндоо мордоход муу ээж минь доголон нулимстай үдсэн дээ. Аав маань угаасаа дуу цөөнтэй ч хүнтэй эвтэй найртай явж, албандаа чин сэтгэлээр зүтгэж, ядарсан нэгэнд хариу нэхэлгүй тус үзүүлж яваарай хэмээн захьж мордуулж байв.

-Хоршоодын холбоо чинь аймгийн төвийн яг хаахна байсан юм?

-Зүүн хойд дэнж дээр.

-Ажил ихтэй газар уу?

-Ихтэй ихтэй.

-Дарга нь хэн гэж хүн байх уу?

-Н.Чүлтэмдорж гэж хүн байсан юм. Сүүлд надад зарлан ирсэн чинь дарга цэрэгт явуулахгүй гээд нэг бичиг хийж өгөв өө. Би болохоор цэрэгт явах дуртай байдаг. Цэрэг татлагын комиссын дарга нь хошууч Р.Гүнсэн гэж хүн байсан юм. Би Р.Гүнсэн гуайд үнэнээ хэллээ. Цэрэгт явах дуртай, манай аав ээж ядуу улс. Эрдэм ном сурч, тэднийхээ амьдрал ахуйд дэм болмоор байна гээд учирласан. Эрүүл мэндийн үзлэгт орлоо. Юу юугүй цэрэгт тэнцээд, аав ээждээ ч хэл дуулгаж чадалгүй Зүүнбаян руу ачигдсан.

-Танай хуваарилагдсан анги ямар анги байсан юм?

-1955 оны 8 дугаар сард татагдсан. Намайг цэрэгт татагдахаас хоёр жилийн өмнө Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын тушаалаар Нефть хамгаалах тусгай рот гээчийг байгуулсан юм билээ. Тэр тусгай ротод би хуваарилагдчихав. Тэндээ аж ахуйн бүх ажлыг зохицуулдаг ажилтай хүн болов. Тэгж байтал манай ангийг татан буулгахаар болж, анги тарав аа. Би хүнсний дарга, ахлах дэслэгч н.Цэнд, жолооч, ахлагч н.Ёндон бид гурав ГАЗ-51 машинтайгаа Улаанбаатар хот руу гарч анх нийслэл хотод хөл тавьж үзэх нь тэр.

-Цэрэгт байхад тань гэрийнхэн чинь эргэж тойрч байв уу?

-Тийм юм байхгүй. Хамт алба хааж байсан цэргүүдийн ар гэрийнхний эргэлтээс хүртчихээд л яваад байсан.

-Анхны цол?

-1958 онд бага дэслэгч цолоо авсан.

-Та чинь цэргийн байдаг цолыг хугацаанаас нь өмнө аваад явчихсан хүн байх чинь билээ?

-Хурандаа хүртэлх цолуудыг дандаа хугацаанаас нь өмнө авсан.

-Хэл ам гарахгүй юу?

-Гарч байсан. Энэ чинь дэндэж байгаа юм биш үү. Залуу хүнийг эвдэж дууслаа гээд намын нэг дарга шүүмжилж байсан.

-Тухайн үеийн цэргийн дарга нар шаардлага өндөртэй байв уу?

-Өндөртэй байлгүй яах вэ. Хүүхдүүдээ өглөө унтаж байхад гараад орой ажлаас 22 цагт л бууна. Ачаалал ихтэй он жилүүд байсан. Ажиллахын хажуугаар сурах гэнэ. Гэтэл азаар 1958 оны намар Офицеруудын ордны дэргэд цэргийнхэнд зориулсан оройн анги нээгдээд, тэндээ 10 дугаар анги төгсөж Орос явах бэлтгэлээ хангаж байгаа юм. Аравдугаар ангийн гэрчилгээггүй бол хойшоо сургуульд явна гэж саналтгүй шүү дээ. Сургуулиа дүүргээд 1962 онд ЗХУ-д явж сурах хүсэлтэй байгаагаа дарга нартаа хэллээ. Дарга нар ч нааштай хүлээж авсан.

-Орост тэгээд ямар мэргэжил эзэмшив?

-Агаарын зургийн ангид сурсан. Надаас бусад нь 10 дугаар анги өдрөөр төгссөн, тоо, орос хэлний мэдлэгээрээ хавьгүй илүү. Ямар сайндаа хичээж сурч байгаад ухаан алдаж унаж хүртэл байлаа. Сургууль маань долоон давхар. Зургаа, долоон давхартаа бид амьдардаг, доод давхартаа хичээллэдэг байсан. Би өрөөндөө хоёулаа, гэр бүлтэй, 28-тай хөгшин оюутан байсан болохоор эхнэр хүүхдээ санах нь их. Тэнд сурч байхдаа эхнэрээсээ 229 захиа, цахилгаан авсан байдаг юм. Орос багш нараа ч их махалсан, сургуулиа ч сайн төгссөн. Сүүлд дахин нэг хойшоо сурахаар явахдаа эхнэр хүүхдээ авч явсан даа.

-Таны гэргий аль нутгийн хүн бэ. Цэргийн дарга хүн ер нь яаж эмэгтэй хүнд дурладаг юм?

-Яамны боловсон хүчний хэлтэст ажиллаж байхад Санхүүгийн техникум төгссөн хоёр хүү, хоёр охин хуваарилагдаж ирдэг юм. Тэр дөрөв дундаас анх эхнэрээ олж харсан даа. Миний хань Б.Дарьчулуун Ховд аймгийн Чандмань сумын хүн, хожим цэргээс тэтгэвэрт суусан. Миний хань өөрөө цэргийн хүн болохоор миний ажил үүргийг сайн ойлгож дэмжинэ. Жаахан тэвчээр муутайхан шиг хүн бол ухарч няцмаар үе бишгүй байсан байх аа. Бид хоёр дундаасаа зургаан хүүхэдтэй болцгоосон. Таван хүү, нэг охин. Хамгийн том, ганц охин маань өнгөрсөөн. Тэднийгээ өнгөрөхөд уйлсангүй. Хүүхдүүд гайхсан байх. Одоо яалтай.

-Ажил хийж явахад амаргүй нөхцөл байдалтай олонтой тулж л байсан байх даа?

-Цэрэг татлага, халалт, дайчилгааны хээрийн сургуулийн үед нэг хоёр хоногийн хоол унд юу ч биш. Энгийн үед хагас бүтэн сайнгүй л ажиллана. Алба хэлтсийн дарга нар чинь яваад л байна, яваад л байна. Үйлдвэрлэлийн томоохон осол гарч байлаа. Цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдаж байлаа. Түймэр, шүлхий, зуд гээд олон цэгт ажилласаан. Цэрэг өөрийгөө буудна, даргаа буудна.

-Цэргийн дарга гэдэг хүний өмнөөс толгойгоо авахуулчих гээд байдаг ажил юм аа даа. Та сахилга шийтгэл хүлээж байв уу?

-Хаа очиж гайгүй өнгөрсөн шүү.

-Таны ухамсарт амьдрал өмнөх тогтолцооны үед өнгөрч. Тэтгэвэрт гарах, ардчилал ялах он цаг давхардсан байна. Өнөө итгэж замнаж явсан бүхэн нуран унахад хэр гонсойв?

-Гонсойгоогүй ээ. Би 56-тайдаа өөрийнхөө хүсэлтээрээ тэтгэвэртээ суусан. Сайд дарга нартай нь таарахгүй юм билээ.

-Та тэгэхээр улсад хэдэн жил ажилласан байх уу?

-Цэргийн албанд 36, улсад бол 55 жил ажилласан. Батлан хамгаалах яамны орлогч сайд бѳгѳѳд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байгаад чѳлѳѳндөө гарсан.

-Тэгвэл та чинь хоёр газрын харьяаны хүн байна шүү дээ?

-БХЯ, ОБЕГ-аас баяраар дуудна аа. Бас ЗХЖШ байна, 22 жил алба хаасан газар маань юм шүү дээ.

-Та дээгүүр ажилд байхдаа нутгийнхандаа хэр их арын хаалга үзүүлж байв?

-Тийм юм байгаагүй ээ. Хожим тэтгэвэрт гарсан хойно хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ заримыг нь нэг нутгийн улсууд байсныг ярианаас нь олж мэдэж байлаа. Ах дүү нартайгаа бол бүр сүүлд нүүр хагарсан юм даг.

-Та ч хэзээнээсээ эх орны хүү явжээ, арын хаалга ч мэддэггүй. Цэргийн хүн ийм л байх ёстой юм болов уу?

-Ер нь тийм.

-Та чинь хамгийн олон удаа рапорт өгсөн генерал гэх давтагдашгүй түүхийг бичсэн. Нийт хэдэн удаа рапорт өгсөн хэрэг вэ?

-Жилд гурван удаа, найман жилийн хугацаанд. Майн баяр, Октябрийн баяр, дээр нь Улс хувьсгалын ой буюу наадмаар рапортууд өгсөн. Анх 1976 онд рапорт өгч байсан юм даг.

-Завсаргүй юу?

-Үгүй ээ, дунд нь сургуульд явсан. Нийт 24 удаа гурван удаагийн салбарын сайдад рапорт өгсөн цорын ганц генерал л гэдэг юм.

-Рапорт өгөхийн урьд шөнө түгших үү?

-Түгшилгүй яах вэ. Азаар миний унаж явсан машин гацаж саатсан зүйл гараагүй.

-Тэр машин чинь энд тэнддээ түшлэгтэй байдаг уу. Би л тэгж бодоод байдаг юм? 

-ЗХУ-аас бэлэглэсэн тусгай зориулалтын, саарал өнгийн тэрэг байсан.  Гарын бариултай машин л даа.

-Та цэргийн хүн. Дайсан гэж яг хэн юм бэ?

-Бидний үед хоёр улс байлдаад нэг нь ялаад, нөгөө нь ялагддаг байв. Одоо бол цар тахал гээч нь болж байх шиг. Хамгийн аюултай юм чинь л энэ байдаг юм байна. 

-Та бол хязгаар нутагт өсөж төрсөн хүн. Хязгаар нутгийн хүмүүс их хатуужилтай хүмүүс болж төлөвшдөг юм болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хязгаар нутгийн хүн болж төрж өснө гэдэг өөрөө өөрийнхөө эзэн нь байж, эрт л бие даах хэрэгтэй дээ.

-Та малд явахдаа хил зөрчигч илрүүлж баатар болчих юм сан гэж мөрөөдөж байв уу?

-Тэгж мөрөөдөж байгаагүй юм байна.

-Хоёул таны нэрнээс яриагаа эхэлсэн дээ. Би одоо бодож байна. Лав Монгол Улсын түүхэнд дахин Махбариад гэдэг нэртэй генерал гарч ирэхгүй байх. Одоогоор тантай адилхан нэртэй хүн 8 байна. Бас сүүлийн 11 жилийн хугацаанд энэ нэрийг авсан хүн алга. Та ховорхон нэртэй шигээ ховорхон түүхтэй хүн болж, цэрэг армийн ч Монголын түүхэнд ч үлдэх нь?

-Ах нь нэрийнхээ утгыг ер судалж байгаагүй, Төвөдөөс л гаралтай юм болов уу. Сайн л утгатай юм гэсэн.Нэг сонин тохиолдол ярихад, намайг яаманд ажиллаж байхад боловсон хүчний хэлтсийн дарга нь Махбариадын Дашням гэж хүн байлаа. Би болохоор туслах нь, Галсансанзайн Махбариад. Тэгэхээр аав хүү хоёр нэг дор ажиллаж байгаа юм шиг сонсогддог байлаа.

Ярилцсан Б.Туул, Гэрэл зургийг П.Нарандэлгэр newswall.mn

scroll to top