БНСУ: Covid-19-ийн эсрэг сүүлчийн хязгаарлалтаа цуцлав

2021-11-30T000000Z_315752105_RC2T4R98G4Q0_RTRMADP_3_HEALTH-CORONAVIRUS-VARIANT-SOUTHKOREA.jpg

Өмнөд Солонгос улсад зорчигсод өнгөрсөн Бямба гаригаас эхлэн тус улсад ирэхээсээ өмнө Covid-19-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Covid-19-ийн халдвараас сэргийлэх сүүлчийн хязгаарлалтаа ийнхүү цуцалж байна. Гэхдээ ирсэнийхээ дараа 24 цагийн дотор ПСР шинжилгээ өгөх ёстой гэдгийг “Yonhap” агентлаг өчигдөр мэдэгдлээ.

Хилийн хатуу хяналт хэрэгжүүлж буй сүүлийн орнуудын тоонд Өмнөд Солонгос ордог байсан. Хятад, Япон, Тайванийн хувьд Covid-19-ийг тэглэх бодлогын хүрээнд одоо хүртэл зорчиход хүндрэлтэй хэвээр байна. Тайланд, Филиппин, Малайз, Индонези зэрэг орон сүүлийн саруудад хилийн шаардлагаа цуцалсан.

Өмнөд Солонгос энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд хилийн хязгаарлалтуудаа эрэмбэ дараатай цуцалсан. Тодруулбал, дөрөвдүгээр сард вакцин хийлгэсэн жуулчид хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй болсон. Цаашлаад долдугаар сараас вакцинжуулалтын статусаас үл хамааран бүх жуулчид хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй болжээ. Гэсэн хэдий ч жуулчдын урсгал төдийлөн ихсээгүй байна. Тухайлбал, долдугаар сард Инчоны нисэх буудал дахь зорчигчдын урсгал тахлын өмнөх үеийн дөрөвний нэг хүрэхгүй хэмжээнд байв.

Вакцинжуулалтын түвшин, халдвар хамгааллын дэглэм зэргээс үл хамааран Өмнөд Солонгос Covid-19-ийн тохиолдлын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Өдөрт тогтмол 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж буй бөгөөд энэ сард 180 мянга хүрч дээд амжилт тогтоосон удаатай.

Эх сурвалж: AL JAZEERA

scroll to top