Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 12-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, бусад хугацаанд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 13-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 14-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 15-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун” хотхонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 08:41 цагт очиход тус байрны 1 дүгээр давхарт байрлах компанийн ажлын өрөөнд ширээ болон цахилгааны утас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Чулуун-Овооны хойд талын автобусны буудалд түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:33 цагт очиход иргэн К-гийн 3х4 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэгийн цахилгааны утас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Новотел” зочид буудалд гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:20 цагт очиход тус зочид буудлын 1 дүгээр давхар дахь цайны газрын 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд хоол бэлтгэх тоног, төхөөрөмж шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан бөгөөд утаажилтын бүсээс 86 хүнийг аюулгүй газарт гаргасан.        

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ “Ландкруйзер-200” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 09.10-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. “Буйр” нуурын чиглэлд зорчиж явсан “Ландкруйзер-200” загварын суудлын автомашин 09.10-ны өдрийн 11:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг тус автомашины жолооч Б аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн тасгийн мөрдөгч нар 09.10-ны өдөр тухайн газарт очиж танилцсан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид гарч 2.5 км замыг туулан 14:33 цагт очиход иргэн Ц-гийн 2х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн “Содномдаржаа” хороололд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 0.6 км замыг туулан 17:59 цагт очиход иргэн Д-гийн 2.5х6 метрийн зөөврийн сууцны хана хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн “Малчин” хороололын задгайд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 21:34 цагт очиход иргэн М-ийн 10х11 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг 58 минут ажиллаж унтраасан.         

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 09.10-ны өдрийн 09:00 цагт түймрийн голомтод очиж, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 09.10-ны өдрийн 21:00 цагийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд унанги мод ихтэй, ус зөөвөрлөн унтраахаар ажиллаж байна. Салхи тогтонги, нэмэлт хүч шаардлагагүй тухай мэдэгдсэн. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га ойн талбай шатсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Үртэстэйн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид, сум дундын Ойн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд 60 км замыг туулан 09.11-ний өдрийн 00:30 цагт түймрийн голомтод очиж, мөн өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 0.1 га орчим талбай шатсан.

Хээрийн түймэрБаян-Өлгий аймгийн Алтай сумын Шарнуур багийн “Хол-Агваас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 146 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн анги болон орон нутгийн алба хаагчид ажиллаж, 09.08-ны 20:00 цагт түймрийг цурамд оруулж, 09.10-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 145 га талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сэгсүүрийн нуруу” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.10-ны 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын даргаар ахлуулсан алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хамгаалагч 20 км замыг туулан 21:00 цагт очиход 30 тн орчим өнжмөл боодлын өвс шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумын мэргэжлийн ангийн  алба хаагчид 3 бүлэг хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж байна. Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд 09.10-ны өдрийн байдлаар түймрийн зүүн тал “Хачигийн гол” тулсан бөгөөд түймрийн зүүн урд талаас баруун урд хэсгүүдэд 10 км-т зогоон татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Түймрийн голомтод салхи тогтуун, нэмэлт хүч шаардлагагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” гэдэг газар 09.04-ний өдөр 65 настай, эрэгтэй хүн сураггүй болсон тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 17.5 км замыг туулан 10:46 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч иргэн Г /65 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:32 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот”-ын 1 дүгээр гудамж орчмоос цогцсыг олж, тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top