Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр баг, “Бүжин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ том оврын ачааны автомашинд ачиж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 00:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 120 км замыг туулан 12:15 цагт очиход Баянхонгор аймгийн харъяат иргэн Б-гийн “Мицубиши-Пуссо” загварын 20 тонны чингэлэгтэй автомашинд ачсан 6.4 тн өвс уугиж байсныг 06:00 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Магнай трейд ХХК”-ийн замын урд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:55 цагт очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:46 цагт очиход иргэн М-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х6 метрийн хэмжээтэй амбаар, 0.1 га хөрсний шар өвс тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт айлын цонхоор утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:34 цагт очиход иргэн Ц-гийн гал тогооны өрөө шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /72 настай, эмэгтэй /, согтууруулах ундаа хэрэглэсэн Б /40 настай, эрэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баян Хүрээ хотхонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:58 цагт очиход иргэн А-гийн 2 өрөө 50 м2 байрны тагт болон эд хогшил шатаж байсныг 50 минут, нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 19:18 цагт очиж, задаргаа, хайгуул хийн 50 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 20:04 цагт очиж, нэмэлтээр тус ангийн алба хаагчид 20:45 цагт тус тус гарч 19 км замыг туулан очиход иргэн Ц-гийн хашаанд хураалттай байсан 5 тн өвс шатаж байсныг 03:07 цаг ажиллан унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн хонхор гэдэг газарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:30 цагт очиход хогийн цэгт их хэмжээний хог шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан цурам доторхийг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд 09.11-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулсан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Моорог-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 09.13-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хөлийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 17:30 цагт гарч, 19:15 цагт очиж, 22:34 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд нэмэлтээр Дорнод аймгийн Матад сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 19:10 цагт, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 21:10 цагт гарч, 00:44 цагт очиж, орон нутгийн иргэд ажиллаж 09.15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраасан.

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км-т, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км-т, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус түймрийг 09.13-ны өдрийн 18:00 цурамд оруулсан бөгөөд 09.14-ний өдрийн байдлаар Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаан голын-Ам гэдэг газрын Шар халзангийн-Эх гэдэг газарт унтраах ажиллагаа зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн тус аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.14-ний өдрийн 07:00 цагаас 20:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт “Хадай” уулнаас зүүн хойд зүгт 8 км-т явганаар, зүүн зүгт 10 км-т морьтойгоор зохион байгуулсан. 09.15-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Бусад төрлийн осол /аюул/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 2 дугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /34 настай, эрэгтэй/, мөн тус сумын харьяат У /29 настай, эрэгтэй/ нар 2 метрийн гүнтэй нүхэнд  дарагдсан байсныг 19:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top