Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн нутгийн зарим хэсгээр нойтон цас орсон. Бусад аймгийн нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-ний өдөр Хангайн уулархаг нутгаар, 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд компанийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 06:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:50 цагт очиход тус байгууллагын хашаанд 2х3 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:48 цагт очиход иргэн М-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:46 цагт очиход иргэн Г-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:47 цагт очиход иргэн М-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон үүдний хэсэг тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:47 цагт очиход тус байрны В1 давхарт талбай түрээслэгч иргэн Т-гийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:47 цагт очиход иргэн Э-гийн 4х7 метрийн хэмжээтэй гарааш, 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.    

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:24 цагт очиход иргэн О-гийн 5 ханатай гэрт тогоон дээрх тос шатаж, тооно хэсэгт гал гарсныг иргэд унтраасан байсныг шалгасан. Тосонд иргэн О /35 настай, эмэгтэй/, иргэн Э /6 настай эрэгтэй/, иргэн Т /2 настай, эрэгтэй/ нарын гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТ-д хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мааньт багт 09.17-ны өдрийн 12:48 цагийн орчим байшин шатсан мэдээллийг мөн өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Иргэн Н, Ц нарын 8х14 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 19:05 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:59 цагт очиход иргэн К-гийн 1.6 тн өвс шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.  

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Балгасны гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ 09.17-ны өдрийн 19:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Малчин М-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг малчин Г аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт гал тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:16 цагт очиход тус ангийн гал тогоонд эд, хогшил шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

 3. Ой, хээрийн түймэр

Хээрийн түймэрДорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүжийн хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар застав, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, “Петро-Чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид тус тус  хөдөлсөн. Түймэр 09.17-ны өдрийн 23:30 цагийн орчим хилийн 1101 дүгээр тэмдэгтээр хил даван тархсаныг БНХАУ-ын талаас унтраасан.     

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км-т, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км-т, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус түймрийг 09.13-ны өдрийн 18:00 цурамд оруулсан бөгөөд 09.17-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид ажиллаж,  мөн өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. 

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр анги, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.13-ны 15:00 цагаас 09.16-ны 20:22 цаг хүртэл зохион байгуулж  үр дүнд хүрээгүй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. 09.17-ны өдрийн 19:30 цагт малчин М-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт гудамжинд эсэн мэнд явж байхад нь тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч олсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:20 цагт Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Орой цагааны нарийн хошуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 222 км-т, сумын төвөөс хойд зүгт 62 км-т/ иргэн А 09.17-ны өдрийн 12:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн А /34 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 09.18-ны өглөөний 06:26 цагт ангиас хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top