Филиппиний хойд нутгийг “Нору” хар салхи дайран өнгөрсний улмаас таван аврагч амиа алдаж, үерийн гамшиг нүүрлэж, цахилгаан хангамж тасалджээ. Мөн нийслэл хот болон ойр орчмын мужуудад хичээл, ажлыг түр хугацаагаар зогсооход хүрсэн байна.
Энэ оны хамгийн хүчтэй шуургад тооцогдож байгаа “Нору” хар салхи Кэсон мужийн Бурдеос суурингийн эргийг ням гаргийн орой дайран өнгөрсөн бөгөөд Лусон арлын олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Булакан мужийн захирагч Даниэль Фернандогийн мэдээлснээр, үерийн усанд гацсан оршин суугчдад тусламж үзүүлэхээр завьтай явж байсан таван аврагч харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрбээр тэднийг баатрууд хэмээн тодорхойлоод, гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн зүүн хойд нутгийн Кэсон мужийн Полилло аралд байшингийнх нь дээвэр нурсны улмаас нэг эрэгтэй гэмтэж бэртсэн байна. Тус мужид 17 мянга гаруй хүнийг байгалийн гамшигт нэрвэгдэх өндөр эрсдэлтэй бүсээс түр хоргодох байр луу нүүлгэн шилжүүлжээ. Үүний зэрэгцээ Манила хотод 3000 гаруй хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлж, даваа гарагт тэнгэр цэлмэг байсныг үл харгалзан нийслэл болон ойр орчмын бүсэд хичээл, ажлыг түр зогсоосон байна.
Мөн хар салхинд нэрвэгдсэн хойд нутгийн Аврора, Нуэва-Эсиха мужид цахилгаан хангамж тасалдсан хэвээр байгаа бөгөөд холбогдох албаныхан шуурхай сэргээхээр ажиллаж байгаа талаар Эрчим хүчний сайд Рафаэль Лотилла мэдээлжээ. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос хар салхи дайран өнгөрөхөөс өмнө олон мянган хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлж, олон хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлсэн төлөөлөгчдийг сайшаасан байна.