Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бороо орон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 10-15 градус хүйтэн,  өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 5-10 градус хүйтэн,  өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:43 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн 19 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн А /28 настай, эмэгтэй/-ийн 2 хөлийн хуруу, А /2 настай, эмэгтэй/-ийн 2 гарын шуу хэсэг түлэгдсэн байсныг НТТТөвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Төгс апартмент” хотхоны 51В байрны 12 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ын гэрт эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 10 иргэнийг гаргасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон 4 дүгээр багийн Үйлдвэрийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Я-ын 8×25 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өгөөмөр” хорооллын 2 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Н-ын хашаанд 2 тн өвс шатаж байсныг 4 цаг 5 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Бор хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км/-т Өвс ачиж явсан том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход Дорнод аймгийн Халхгол сумаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин /18 тн өвс ачсан/ шатаж байсныг 3 цаг 6 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /44 настай, эрэгтэй/-гийн 2 гарын шуу хэсэг түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус тоотод эзэнгүй айлд эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраан, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Ц-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 09.23-ны өдрийн 10:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Гахай худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 19:09 цагт цурманд оруулж 19:10 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн “Хужирын-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 64 км/-т Улсын чанартай А0101 замын 73 дугаар тэмдэгтийн дэргэд нүүрс тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн Баян сумын чиглэлд 40 тн нүүрс /200 л шатахуун/ тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж жолооч Б /35 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 5 минут ажиллаж гарган тус дүүргийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Дааган дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 186 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 20 км/-т суудлын автомашин замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Сэлэнгэ аймгийн Сант сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн , “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын хажуу руу унаж иргэн Б /55 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 37 минут ажиллаж цогцсыг гарган, сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн Н /60 настай, эрэгтэй/, Х /55 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлж Сант сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Тээврийн Цагдаагийн хэлтсийн баруун талд 50 метрийн зайд зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн М /48 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтайгаар барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд автомашины жолооч талаар унаж, тус иргэний толгойн баруун дагз хэсгээр арматур төмөр нэвт гарсан байсныг 52 минут ажиллаж гарган, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Булаг гудамжны 10 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 215 км, сумын төвөөс баруун зүүн зүгт 18 км/-т Иргэн М-нь 09.17-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн М/43 настай, эрэгтэй/-ыг 2 бүлэгт хуваагдан “Хараа” голын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:00 цагт “Чулуутын гарам” гэдэг газраас голын эргээс цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид 17:06 цагт шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг 40 минут ажиллаж гарган нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top