Өмнөд болон зүүн өмнөд Азийн эрэг дагуух хотууд дэлхийн өөр хотуудаас илүү хурдацтай живж буйг судалгаагаар тогтоожээ. Далайн түвшин нэмэгдэх тусам энэ хотуудад оршин суудаг олон сая хүн хүнд байдалд ороод байна. Судалгааг Сингапурын Наньяан технологийн их сургууль хийж, өнгөрсөн долоо хоногт “Nature sustainability” сэтгүүлд нийтэлжээ.
Хүн ам өсөхийн хэрээр тэдний хэрэглээнд зориулж гүний усыг ихээр ашиглах болсон. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад далайн түвшин нэмэгдэж, бүс нутгийн хуурай газар хурдацтай суултад өртөж буй. Дээрх хүчин зүйлүүд нь эргийн хотуудыг улам эрсдэлтэй болгож байна.
Жишээ дурдвал, Вьетнамын бизнесийн төв цэг, хамгийн олон хүн амтай Хо Ши Мин хот жилд дунджаар 16.2 мм-ээр живж байна. Дэлхий даяар далайн эрэг дагуу байрласан 48 хотоос мэдээлэл цуглуулахад Хо Ши Мин хот энэ үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Жагсаалтын хоёрдугаарт Бангладешийн өмнөд эргийн Читтагон хот орсон. Энэтхэгийн Ахмедабад, Индонезийн Жакарта, Мьянмарын Янгон зэрэг хот мөн жагсаалтад оржээ. Тус хотууд жилийн оргил үедээ 20 мм-ээс илүү живж байна.
Энэ хотуудын дийлэнх нь хурдацтай хөгжиж, өргөжиж байна. Тиймээс шигүү баригдсан барилга байгууламжийн хажуугаар гүний ус олборлож буй нь орон нутгийн хөрсний суултад асар их нөлөөлж буйг судалгаанаас харж болно.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын зөвлөлийн мэдээлснээр, 2050 он гэхэд далайн түвшин нэмэгдэх аюултай эргийн хотуудад нэг тэрбум гаруй хүн амьдардаг болох аж. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг яаж ч эрс бууруулсан энэ зууны төгсгөл гэхэд далайн түвшин 60 см-ээр нэмэгдэнэ гэлээ.
Эх сурвалж: JAPAN TODAY