Инженер, техникийн бүрэлдэхүүн болон аврагчдад сертификат олгов

GJ1A9439.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж буй “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисэх нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд инженер техникийн бүрэлдэхүүн болон аврагч алба хаагчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Инженер, техникийн бүрэлдэхүүн болон “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг БНФУ-ын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар удирдан “Туул” гол, “Заан Тэрэлжийн бэлчир”, “Хагийн хар нуур” бүсэд явуулсан юм.

Сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний Аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 56 алба хаагч хамрагдлаа.

Амжилттай суралцсан алба хаагчдад БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн болон  Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нар сертификатыг гардуулсан юм.

Мөн энэ үеэр БНФУ-ын Засгийн газраас уснаас аврах ажиллагааны хувцас хэрэглэл, Аврах ажиллагааны багш Антуан Монте усны нойтон хувцас 44 ширхэгийг тус тус бэлэглэснийг хүлээлгэн өглөө гэж Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.

scroll to top