1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Алтайн өвөр говиор хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 8-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Булган аймаг, Сэлэнгэ сум. Атар багийн “Манхтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ малчин Б-ын байшин 10.04-ний өдрийн 05:10 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Малчин Б-ын 7×8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Сийрст багийн “Цэций-Уул”-ын 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 11:26 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 11:32 цагт очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна дуудлагыг 10.04-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:16 цагт очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 23 дугаар хорооны “Зүүн ард-Аюуш”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:58 цагт очиход иргэн А-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:51 цагт очиход иргэн Э-ын 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 2 цаг 19 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хорооны “Задгай” -д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 20:24 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 20:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Дорнод аймаг, Баяндун сум. Наран багийн “Тэмээний-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, түймрийг 20:10 цагт унтраасан бөгөөд Баяндун сум дахь Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР