1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 13-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
2.Гал түймэр
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:32 цагт, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 10:50 цагт тус тус очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшин дотор эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:50 цагт очиход “Хюньдай Старекс” загварын автомашины хөдөлгүүр, иргэн Б-гийн “Хьюндай Грейс” загварын автомашины гадна тал шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:32 цагт очиход иргэн Г-ны 4х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Завхан аймаг, Алдархаан сум. Алдар багийн “Ямаатын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 52 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т иргэн Г-ын 6 ханатай гэр 10.08-ны өдрийн 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 17:28 цагт хүлээн авсан.
Тус сумын иргэн Г-ийн 6 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 17:28 цагт мэдээлсэн.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Буянт багийн 43 дугаар гудамжинд Өвс шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 18:06 цагт /18:09 цаг/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн З-ын хураалттай байсан 2 тн өвс шатаж байсныг 31 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, 204 дүгээр байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 21:53 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр. Бурхи багийн 37 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 22:44 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:47 цагт очиход иргэн М-ын 4х5 метрийн хэмжээтэй граж дотор хураалттай байсан 5 ханатай, 4 ханатай 2 гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн Хабитатын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 00:17 цагт /00:23 цаг/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:20 цагт очиход иргэн Б-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.
Төв аймаг, Зуунмод сум. Нацагдорж багийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 00:26 цагт /00:30 цаг/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:28 цагт очиход иргэн Б-ны 5 ханатай гэр шатаж байсныг 05 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Норовлин сум. Онон багийн “Улаалзганы рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 10.08-ны өдрийн 04:50 цагт цурамд оруулан тухайн өдрийн 10:58 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймаг, Цагаан-Овоо сум. Баянгол багийн “Хулстайн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 11:35 цагт /11:37 цагт/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтүмэн сумын Хотонт багийн Засаг дарга С.Гантулгаар ахлуулсан ажилтнууд 80 км замыг туулан 13:15 цагт очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 15:00 цагт цурманд оруулан 17:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Завхан аймаг, Баянтэс сум. Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т Монгол Улсын хилийн 245-246 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын талаас ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Сонгино сумын мэргэжлийн ангийнхан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 10.06-ны өдрийн 14:00 цагт цурманд оруулан 10.08-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум. Зуунмод багийн “Бөгсөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 209 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т 10.08-ны өдрийн 13:19 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Баянхонгор аймаг, Баацагаан сум. Товгор багийн “Далан түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 199 км, сумын төвөөс баруун хойд зүгт 58 км/-т 10.08-ны өдрийн 18:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 18:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Дархан-Уул аймаг, Хонгор сум. 2 дугаар багийн “Цайдамын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 7 км/-т “Приус-30” загварын суудлын автомашин замын хажуугийн хаалт мөргөж, автомашины төмөр хийцэд бага насны хүүхэд хавчуулагдаж, нас барсан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 21:33 цагт /21:44 цаг/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, нэмэлтээр Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 32 км замыг туулан 22:13 цагт очиход Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд /4 зорчигчтой/ иргэн Г/49 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус-30” загварын суудлын автомашин замын хажуугийн хаалт мөргөн тус аймгийн харьяат А/3 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, нас барсан байсан тул 22:30 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум. Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явсанаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт Алтанбулаг сумын харьяат иргэн Ө/43 настай, эрэгтэй/-ыг 10.08-ны өдрийн 07:30 цагаас 20:25 цаг хүртэл Оргих багийн “Гурван шар” гэдэг газарт 20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.09-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Цас шаварт суусан: Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн ”Берваз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 174 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т “Хэрлэн” голд “Портер” загварын /7 зорчигчтой/ 2 автомашин суусан тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 12:50 цагт /13:31 цаг/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан 20 км замыг туулан 13:35 цагт очиход тус сумын харьяат иргэн Б-ийн “Портер” загварын /3 зорчигчтой/ автомашин, иргэн Б-ийн “Портер” загварын /4 зорчигчтой/ ачааны автомашинууд “Хэрлэн” голд суусан байсан тул 7 зорчигчийг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, тус автомашинуудыг татан гаргасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, хөдөө хэсэгт Хэрлэн голд /3 зорчигчтой/ суудлын автомашин суусан гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:10 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Мицубиши Пажеро” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ “Хэрлэн” голд суусан байсан тул тус дүүргийн харьяат жолооч Б /26 настай, эрэгтэй/, О/45 настай, эмэгтэй/, Чингэлтэй дүүргийн харьяат Ц /21 настай, эмэгтэй/ нарыг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, тус автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР