Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Хөвсгөл аймагт бороо, Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймагт цас орж, Өмнөговь аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө уулаараа ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

 Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 6 дугаар гудамжны задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 09:39 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим газарт шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд дарь-эхийн 47 дугаар гудамжны задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 7 га орчим газарт шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байр Хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 06:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 5 ханатай 2 ширхэг гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31 дүгээр гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 11:11 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн улсын дугааргүй, “Ниссан Примио” загварын суудлын автомашины дотор хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 24 дүгээр байр 1 дүгээр орцны 2 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын гэрт эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Улаан бух” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, иргэн Г-ын 25х25 хэмжээтэй хашаанд 10 тн өвс, хураалттай аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Дангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 20:07 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнх хорооллын “Эрдэнэ” зочид буудлын гадна нүүрс ачсан автомашинаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 06:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Хово” загварын ачааны автомашины чиргүүлийн шал, 0.5 тн нүүрс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Хадын булаг багийн Хажуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 10.25-ны өдрийн 01:15 цагт түймрийг цурамд оруулж, 02:30 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.24-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Байдраг багийн “Цахрын даваа” гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top