1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг ,Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн “Хайрхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 330 км, сумын төвөөс баруун зүгт 120 км/-т малчин Д-ын 5 ханатай гэр 10.26-ны өдрийн 12:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 14:57 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт боргоцой шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:21 цагт очиход иргэн Б-гийн хашаанд 2 тн боргоцой шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:31 цагт очиход 5х8 метрийн хэмжээтэй /эзэнгүй/ байшинд хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 18:54 цагт очиход иргэн М-ийн 6х8 метрийн хэмжээтэй мужааны цех, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Заан Тэрэлжийн сүв” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд згт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Эрдэнэ сумын иргэд ажиллаж, 10.25-ны өдрийн 19:23 цагт цурамд оруулсан бөгөөд 10.26-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Модот цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 70 км замыг туулан 18:07 цагт очиж, 19:40 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Хөхнуур багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.26-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т 1 удаа, мөн осолдсон газраас хойд зүгт “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа, нийт 76 км-т завиар урсч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.27-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь 09.30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.26-ны өдрийн 10:00 цаг хүртэл зохион байгуулж, ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.26-ны өдрийн 07:00-19:00 цаг хүртэл Байдраг багийн “Хавцалт замбал” гэдэг газраас “Ар гялам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.27-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 23:29 цагт очиход иргэн А /46 настай, эрэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.5 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг аврах олс ашиглан эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР