Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говь болон зүүн аймгуудын нутгаар, 31 болон 11 дүгээр сарын 01-нд -нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг ,Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн эцэст автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:39 цагт очиход “Хюньдай аеро сити-540” загварын автобусны хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 7 дугаар багт зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:36 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн зочид буудлын 11х7 метрийн хэмжээтэй террас бүрэн, 16х12 метрийн хэмжээтэй рестораны хойд талын гадна хана, эд зүйлс, 18х20 метрийн хэмжээтэй оффис байрны баруун талын гадна шатаж байсныг 2 цаг 7 минут ажиллаж унтраан иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан, 11:51 цагт очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:29 цагт очиход иргэн Д-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Амгалан” хогийн цэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн М-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:07 цагт очиход иргэн Б-гийн 10х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:30 цагт очиход иргэн Ж-гийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байрны гарааш дотор автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 21:12 цагт очиход иргэн Ц-гийн “Тоёота королла румион” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:26 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:27 цагт очиход иргэн Б-гийн хашаанд 3 тн задгай хураасан өвс шатаж байсныг 1 цаг 49 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 01.36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:44 цагт очиход иргэн Э-гийн 4×6 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтАрхангай аймгийн Хангай сумын Тэрх багийн “Мөрөнгийн бэлийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ 10.27-ны өдрийн 19:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:31 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хангай сумын Тэрх багийн даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.27-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т 1 удаа, мөн осолдсон газраас хойд зүгт “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 2 удаа, нийт 76 км-т завиар урсч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.28-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрны 9 давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:59 цагт очиход иргэн Б /28 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.27-ны өдрийн 07:00 цагаас 19:30 цаг хүртэл Байдраг багийн Хавцалт замбал гэдэг газраас Бага байдас гэдэг газар хүртэл явганаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 10.28-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 10.28-ны өдрийн 06:05 цагт Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Хушанг багийн “Бууралын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 84 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км/-т 10.21-ний өдөр 25 хүн самарт явж байснаас 2 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Э /32 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 10.27-ны өдрийн 14:00 цагт алга болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж тус сумын Хушанг багийн “Нэмэхийн даваа” гэдэг газар 23:40 цагт очиж холбоонд орсон. Иргэн Б, Э нар нь байрлаж байсан газраа эсэн мэнд очсон гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top