Улсын Онцгой комиссын IV хуралдаан өнөөдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний нөөцөд 112 мянган тонныг бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа аж.
Дэлхий дахинд Коронавируст халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол БНХАУ-д 16.07 хувиар буурсан байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 32 нь хүнд, 63 нь хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан танилцуулсан юм. Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 71.6 хувь нь, орон нутагт 48.8 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна.
Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймагдунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Хурлын төгсгөлд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулах гэх мэт салбар бүрт хугацаатай үүрэг чиглэл өглөө гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.