Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Өмнөговь аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баруун турууны 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 06:44 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байр 5 дугаар давхарт айлын тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 11:07 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн тагт дээр эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан баг, Тосгоны 3 дугаар гудамжинд айлын өвөлжөөнд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн өвөлжөөнд хураалттай 1 тн өвс шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top